Монгол Улсын шигшээ багийн тоглогч, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Г.Хандсүрэн Монголын волейболын холбоог шүүмжлэв. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан Вьетнамд болох "VTV сup" тэмцээнд Монголын шигшээ баг оролцохоо больсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Энэ тэмцээнд оролцох багууд зохион байгуулагчдаас зочид буудлын байр, хоолны дэмжлэг авч, зочин багууд зөвхөн өөрсдийн онгоцны тийзний зардлыг даах үүрэгтэй. Гэвч Монголын волейболын холбоо замын зардалгүй гэдэг шалтгаанаар тамирчдаа тэмцээнд явуулахаас татгалзсан байна.
Залуу тамирчин Г.Хандсүрэн Япон, Тайванийн волейболын дээд лигийн легионер тоглогчоор тоглосон. Монголын ирээдүйтэй залуу тамирчин бүсгүй волейболын спортоор эрчимтэй хичээллэж эхлээд 10 жил болж буй.
Г.Хандсүрэн 2018 оноос хойш “Хасу CUP”, “Тэнүүн Огоо CUP”, Волейболын холбооны цом, Үндэсний дээд лиг гэх мэт томоохон тэмцээнүүдэд медальт байранд орсон байна. Мөн Японы оюутны дээд лигийн хошой мөнгө, "Бүх Японы аварга" тэмцээний дөрөвдүгээр байранд багаараа шалгарч байжээ.