Хятадын дарга Ши Жиньпин энэ оны хоёр дахь гадаад айлчлалаа Даваа гаригт Өмнөд Африкт эхлүүллээ. Ши Жиньпиний гурван өдрийн айлчлалд БРИКС-ийн хөгжиж буй эдийн засагтай орнуудын удирдагчидтай хийх дээд хэмжээний уулзалтыг багтжээ. АНУ-тай харилцааны зөрчил гүнзгийрч, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед Бээжин нь хөгжиж буй болон шинээр гарч ирж буй орнуудын дунд нөлөөгөө нэмэгдүүлэх зорилготой гэж түүний айлчлалыг дүгнэж байна.
Өмнө нь тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Москвад өөрийн “хайртай анд” Владимир Путинтэй уулзахаар эх орноосоо мордсон. Авторитар дэглэмтэй хоёр хүчирхэг гүрэн АНУ-ын эсрэг стратегийн уялдаа холбоотой байгаагаа дахин баталж, барууны орнууд ноёрхохоо больсон дэлхийн шинэ дэг журам тогтоох тухай алсын хараагаа тунхагласан юм.
Covid-19 цар тахлаас хойших БРИКС-ийн бүлгийн биечлэн оролцох байдлаар зохиогдож буй анхны дээд хэмжээний уулзалт нь Ши Жиньпиний хувьд алсын хараагаа ахиулах бас нэгэн боломжийг олгож байна. Тус холбооны гишүүд болох Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк нь дэлхийн хүн амын 40 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэд мөн олон туйлт ертөнцийг бий болгох хүсэл эрмэлзэлтэй бөгөөд олон улсын үйл явдалд илүү их байр сууриа илэрхийлэхийг зорьдог.
“АНУ ноёрхож буй либерал олон улсын дэг журамд Вашингтонтой өрсөлдөх нь Ши Жиньпиний зорилго биш. Түүний урт хугацааны зорилго бол дэлхийн дэг журмыг Хятад төвтэй болгох явдал юм" гэж Лондонгийн их сургуулийн дэргэдэх "SOAS" Хятадын хүрээлэнгийн захирал Стив Цанг тайлбарлав.
Энэхүү амбицыг дэмжихийн тулд Хятад улс барууны ардчиллаас хамаагүй олон, засаглалын бүтцээрээ ихэвчлэн авторитар байдаг дэлхийн өмнөд хэсэгтэй харилцаагаа бэхжүүлэх нь утга учиртай гэж Стив Цанг онцлон мэдэгджээ. БНХАУ-аас Өмнөд Африкт суугаа Элчин сайд Чэнь Шяодун өнгөрсөн Баасан гаригт Ши Жиньпиний айлчлалын талаар танилцуулахдаа, БРИКС-ийг “хөгжиж буй орны жагсаалтад шинээр нэмэгдсэн болон хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны чухал талбар”, “олон улсын шударга ёс, шударга ёсны тулгуур” хэмээн сайшаасан.
“Уламжлалт дэлхийн засаглалын тогтолцоо эмх цэгцгүй, чадваргүй, байхгүй болсон мэт. Олон улсын хамтын нийгэмлэг БРИКС-ийг… тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг тэсэн ядан хүлээж байна" гэж Элчин сайд Чэнь Шяодун хэвлэлийн хурлын үеэр онцлон тэмдэглэжээ.
ГОЛ ДҮР
Ши Жиньпиний Өмнөд Африкт хийсэн айлчлалаас хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Япон, Өмнөд Солонгосын удирдагчидтай уулзаж, Хятадаас ирж буй аюул заналхийллийн эсрэг эв нэгдэл, хүчээ илэрхийлсэн. Кэмп Дэвис дэх дээд хэмжээний уулзалтаар АНУ болон түүний Ази дахь хамгийн ойрын хоёр холбоотон цэрэг, эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн "аюултай, түрэмгий зан авирыг" шүүмжилсэн юм.
"Хятад, АНУ-ын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа энэ үед БРИКС-ийн бүлэг Бээжинд илүү их стратегийн ач холбогдолтой болсон" гэж Африкийн Стратегийн судалгааны төвийн судалгааны ажилтан Пол Нантуляа мэдэгдэв.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БРИК-ийн чуулганд биечлэн оролцох боломжгүй болсноос энэ удаагийн уулзалтын гол дүр нь Ши Жиньпин байх нь тодорхой байна.
Украины дайнтай холбоотойгоор хүүхдүүдийн эрхийг зөрчсөн хэргээр Владимир Путиныг баривчлах шийдвэрийг Олон улсын эрүүгийн шүүхээс гаргаснаас тэрбээр Өмнөд Африкт айлчлах боломжгүй болсон. Путины оронд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
Пол Нантуля БРИКС-ийг тодорхойлохдоо "Хятад улсын дэлхий даяар, ялангуяа өмнөд хэсэгт нөлөө үзүүлэх өөр нэг олон талт платформ” гэсэн юм.
ДОТООДЫН СОРИЛТУУД
Гэхдээ дээд хэмжээний уулзалт ньгурав дахь бүрэн эрхийн хугацаагаа аваад 10 сарын дараа дотоодын олон сорилттой тэмцэж буй Ши Жиньпиний хувьд хүнд хэцүү мөчид тохиож байна. Хятадын засгийн газраас авч хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг хатуу арга хэмжээ, гурван жилийн хөл хорионы дараа эдийн засгийн сэргэлт таамагласан өсөлтөд хүрэхгүй байгаа юм. Үүний оронд дэлхийн хоёр дахь том эдийн засагт үл хөдлөх хөрөнгийн хямрал, орон нутгийн засгийн газрын өрийн өсөлтөөс эхлээд дефляцийн дарамт гэх мэт өргөн хүрээтэй асуудлууд үүсээд байна. Үүний зэрэгцээ сүүлийн саруудад дараалан дээд амжилт тогтоосон залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байгаа тул Хятадын засгийн газар статистик мэдээллээ гаргахаа зогсоосон.
Вашингтонд төвтэй Стимсон төвийн судалгааны төвийн Хятадын хөтөлбөрийн захирал Юн Сун хэлэхдээ, эдийн засгийн хүндрэлтэй байгаа нь Ши Жиньпиний дипломат амбицад, ялангуяа дэлхийн өмнөд хэсэг дэх гол тоглолтод саад болж байна гэв.
Ши Жиньпин хөгжиж буй орнуудад айлчлахдаа Хятадын засгийн газрын өгөөмөр тусламж, санхүү, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийг багцаар бэлэг барьдаг нь жишиг болсон. Гэвч Хятадын эдийн засгийн өнөөгийн байдлыг харгалзан үзвэл Бээжинд ийм бэлэг барих хангалттай нөөц байхгүй гэж тэрбээр тайлбарлаж байна.
"Эдийн засгийн үзүүлэлт нь түүнийг өмнөх шигээ их гүрний удирдагчийн дүрд тоглох чадварыг хязгаарлаж байна" гэж Юн Сун тайлбарлав.
Үүнээс гадна Хятадын засгийн газар гадаадад их хэмжээний зардал гаргаж байгаад олон нийт эргэлзэх болжээ. Тухайлбал, Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, “Бүс ба Зам” санаачилгыг эсэргүүцэх болсон гэж Ши Жиньпиний дэлхийн дэд бүтцийн сүлжээг тэргүүлэх хөтөлбөрийг Пол Нантуляа дурдав. Хятад улс дотооддоо маш олон асуудал тулгараад байхад хилийн чанадад ийм их хөрөнгө оруулалт хийх нь ямар учиртайг иргэд асууж байна гэж тэрбээр мэдэгджээ. Улмаар эдийн засаг удааширч байгаа энэ үед Хятадын засгийн газар гадаадын ямар төслийг санхүүжүүлэхээ сонгохдоо илүү сонголттой болсон байна.
"Олон улсын санхүүжилтэд асуудал үүссэн ч Бээжингээс Африкт улс төр, цэргийн оролцоогоо эрчимжүүлж, намуудын оролцоог нэмэгдүүлж, Күнзийн хүрээлэнгүүдийг олноор байгуулж, африк офицеруудыг Хятад дахь цэргийн академид сургаж байна" гэж Пол Нантуляа хэлэв. Эдгээр нь бага зардалтай үйл ажиллагаа боловч дэд бүтцийн томоохон санаачлагуудын санхүүжилтийг бууруулсан ч Хятад Африкт санаа тавьдаг гэдгээ харуулж буй нэг хэлбэр юм.
Энэ нь Ши Жиньпиний сүүлийн таван жилийн хугацаанд Африкт хийж буй анхны айлчлал юм.
Түүний 2018 онд хар тивд хийсэн айлчлал нь БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтаас гадна Сахарын цөлөөс өмнөх Африкийн бараг бүх өнцөг булан бүрийг хамарсан айлчлалуудыг багтаасан.
Энэ удаад Ши Жиньпин тивийн бусад оронд айлчлах талаар Бээжингээс зарлаагүй. Үүний оронд Хятадын удирдагч Өмнөд Африкийн удирдагч Сирил Рамафосатай БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Африкийн удирдагчдын яриа хэлэлцээг хамтран даргалах болно гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн. Энэхүү дээд хэмжээний уулзалтад Африкийн бүх улсыг оролцуулаад нийт 69 улсыг урьсан байна.