Онгойж шатсан шилэн байшинг цагдаа нар хамгаалалтад авчээ. Онцгой байдлынхан гал түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байлаа. Тэнд лангуу түрээслэдэг гэх эмэгтэйн ярьснаар гэнэт л утаа манарч, гал дүрэлзээд эхэлсэн аж. Тиймээс сандарсан иргэд бушуухан л гүйж гарахаа бодсон аж. Худалдаа эрхлэгч нар галын хэн нэгэн санаатайгаар тавьсан гэж хардаж буйгаа нуусангүй. "Яагаад" гэсэн асуултад тэд "Өмнө нь гал гарсан тохиолдол гарч байгаагүй. "Драгон" төвийг нүүлгэх сонирхолтой хүмүүсийн хийсэн ажил биз" гэж хардангуй, бухимдангуй ярив. Олон сая төгрөгийн бараагаа алдсан тэдний сэтгэлзүй тогтворгүй, наашаа цаашаа дэмий л холхих аж.
Гал гарсан барилга руу худалдаачдыг ганц, нэгээр нь оруулж, хор хохирлыг нь тодруулахаар цагдаа нар ажиллана. Тэнд цөөнгүй байгууллага үйл ажиллагаа явуулдаг байсан бололтой. Жишээ нь, нэг давхарт 60-70 худалдаа эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг байсан аж.
Тус төв лангуу түрээслэдэг нэгэн "Драгон" төвийг нүүлгэн шилжүүлэхэд дургүй байгаагаа ярив. Учир нь худалдаа эрхлэгч нарын орлого буурч, үйлчлүүлэгч багасна гэж үзэж байгаа аж. Дээр нь гал түймэр хамаг ажлын байраа, ашиг орлогоо алдсан тэдэнд "дээшээ тэнгэр, доошоо газар хатуу" гэгч болчхоод байгаа аж.
Нэг өдөр "Даргон" төвийг нүүлгэн шилжүүлэхээр болсоны цаана хэн нэгний ашиг сонирхол байгаа гэдэгт худалдаачид баттай итгэлтэй байгаа аж. Эрх мэдэлтнүүд энгийн иргэдийнхээ амьдралд хошуу, гар дүрдгээс болоод ийм байдалд орлоо гэж тэд бухимдана. Тэдний ихэнх нь зээлтэй. Тиймээс зээлээ яаж төлнө гэсэн хүмүүс ч цөөнгүй. Эхний ээлжинд галын дүгнэлтийг хурдан шуурхай, шударга гаргах хэрэгтэйг ч тэд сануулж байв. Галын дүгнэлт гарах гэж сар болдог, гарсан хойноо хохирлыг нь хэн барагдуулах нь тодорхойгүй уддаг. Тиймээс ашиг орлогоо алдсан тэдний хувьд галын дүгнэлтийг л хүлээж сууна.
"Лангуу дээрээ сууж байтал гал гарлаа гэж хэлсэн. Амиа бодоод лангуугаа түгжээд өчнөөн үнэтэй бараагаа үлдээгээс гарсан.Би "Драгон" худалдааны төв дээр лангуу түрээслээд нэлээд хэдэн жил болж байна. Бид нар хувиараа бизнес эрхэлж байгаа. Төр засгаас халамж, хайр хүсээгүй. Амьдралаа өөрсдөө залгуулаад явж байсан. Гэтэл сүүлийн хэдэн өдөр авто вокзал нүүх тухай яригдаж баайснаа өнөөдөр гэнэт гал гарчихлаа. Үнэхээр хэцүү байна. Түрээслэгч, худалдаа эрхэлж байсан хүмүүсийн ард хоёр гурван хүний амьжиргаа явж байдаг. Зарим нь үнэхээр таньж мэддэг хүн, банк санхүүгээс тултал нь зээл авчихсан байгаа. Саяхан бараагаа татсан хүмүүс ч байсан. Цагдаагийн байгууллагаас галын дүгнэлтийг хийнэ гэлээ. Хүмүүсээ оруулаад хохирлын хэмжээг тодруулна гэж байна. Нэг давхарт гэхэд л 60-70 хүн худалдаа үйлчилгээ явуулж байсан. Галд өртсөн л бол дор хаяж үнэр орно, шарлана гэх мэт асуудал зөндөө байна" хэмээн тус төвийн лангуу түрээслэгч гэж эмэгтэй хуучлав. Тэдний хувьд одоогоор нэр, усаа ил болгоод мэдээлэл өгөх дургүй байгаа гэлээ.
Хоёр давхарт гар утасны худалдаа эрхэлдэг бүсгүй "Өдрийн 13.00 цагийн үед гэнэтхэн ХААН банкны цонхоор гал орж ирлээ гээд хүмүүс орилолдсон. Удалгүй хар утаа суунагласнаа гал түймэр авалцаад эхлэхийг хараад лангуугаа орхиод гарахаас өөр аргагүй байдалд орлоо. Хэр их хохирол амссанаа ч хэлж мэдэхгүй байна. Одоо хүртэл шокносоо гараагүй байна.. Авто тээвэр, "Номинхолдинг" ХХК хоорондоо маш их зөрчилдөөнтэй байсан. Би бол санаатай түймэр тавьсан гэж таамаглаж байгаа. Энэ хүмүүсийн зөрчлөөс болоод жирийн иргэд бид хохироод үлдлээ. Эдгээр байгууллагууд сошиал орчинд хүртэл олон хоног зөрчилдсөн. Бид нар өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах гэж зөндөө явсан. Гэтэл нүүх өдөр нь ийм юм боллоо. Хэрвээ үнэхээр санаатай галдан шатаасан маш ноцтой хэрэг" гэв.
Галыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ирж унтраалцсан байна. Тэднээс мэдээлэл авах гэсэн боловч, одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөхгүй. Гал гарсан шалтгааныг тогтоож, дүгнэлт гарсны дараа хохирсон иргэдэд танилцуулна гэлээ.
Авто вокзалыг нүүлгэн шилжүүлэх асуудал нэлээд маргаантай байсан бололтой. "Драгон" төвийн түрээслэгч, худалдан авагч нар дургүй байжээ. Хот, хөдөөгийн үйлчлүүлэгч нар ч авто вокзалыг нүүлгэн шилжүүлэхэд дургүй байгаагаа илэрхийлэв. Харин тэндхийн оршин суугчдын хувьд автовокзалыг нүүлгэн шилжүүлэхийг дэмжиж байсан юм.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ