Япон улсаас нөгөөдрөөс /2023.8.24/ эхлэн Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас 1 сая тонн гаруй цэвэршүүлсэн усыг далайд асгаж эхэлнэ гэдгээ мэдэгдэв. Цөмийн тогоог хөргөж, цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг их багатаамжтай савуудад хадгалж байгаад цэвэршүүлэн далайд асгахаар болсон бөгөөд үүнд Олон улсын атомын энергийн агентлагаас хяналт тавьж буй. Харин үүнийг Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсууд хүчтэй эсэргүүцэж, далайн эко системд маш хортой үйлдэл гэж болгоомжилж байна.
Уг төлөвлөгөөг хоёр жилийн өмнө Японы засгийн газраас атомын цахилгаан станцыг татан буулгах хүчин чармайлт гаргахад чухал ач холбогдолтой гэж баталсан.
Гэвч үүнийг нутгийн загас агнуурын бүлгүүд амьжиргаанд нь заналхийлэхээс болгоомжилж эсэргүүцэж байна. Японы засгийн газраас Фүкүшимагийн цөмийн тогоог хөргөсөн усыг далайд асгахад аюулгүй гэж баталж байна. НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлаг энэ төлөвлөгөөг олон улсын стандартад нийцсэн, хүн төрөлхтөнд болон байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь "өчүүхэн" гэж өнгөрсөн долдугаар сард зөвшөөрсөн. Гэвч хөрш орнууд нь уг төлөвлөгөөний аюулгүй байдалд эргэлзэж байна. Тухайлбал, Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин өнгөрсөн долдугаар сард хэлэхдээ, Япон хувиа хичээсэн, бардам зан гаргаж, олон улсын хамтын нийгэмлэгтэй бүрэн зөвлөлдөөгүй гэжээ.
Улмаас Японы Фүкүшима, нийслэл Токио зэрэг 10 мужаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг Хятад улс хориглов.
Бусад мужаас далайн хоол импортлохыг зөвшөөрдөг боловч цацраг идэвхт байдлын шинжилгээнд хамрагдаж, хориглосон 10 мужаас гадна үйлдвэрлэсэн болохыг нотлох ёстой. Өмнөд Солонгосын идэвхтнүүд ч уг төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа ч Сөүлийн эрх баригчид уг төлөвлөгөөг олон улсын стандартад нийцэж байна гэж дүгнэж, Олон улсын атомын энергийн агентлагийн үнэлгээг хүндэтгэж байна гэж мэдэгджээ. Гэхдээ тус улсад хомсдол үүсэхээс сэргийлэн ард иргэд олноороо далайн давс худалдан авч нөөцлөх болсон байна.
Уснаас ялгахад хэцүү устөрөгчийн изотоп болох тритиумаас бусад ихэнх цацраг идэвхт элементүүдийг цэвэршүүлэхийн тулд усыг шүүсэн гэж Япон мэдэгдсэн. Эцэст нь цэвэршүүлсэн усыг Номхон далайд асгахаас өмнө олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн тритиумийн хэмжээнээс нэлээд доогуур түвшинд хүргэж шингэлэх аж. 2011 онд Японы зүүн эргийг сүйрүүлсэн асар том цунамигийн улмаас Фукушима Дайчигийн атомын цахилгаан станцад дэлбэрэлт болсон. Тэр цагаас хойш цөмийн тогоог хөргөхөд ашигласан их хэмжээний усыг цаашид хадгалах газаргүй болжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ