Хөлсний цэргийн “Вагнер” бүлгийн тэргүүн Евгений Пригожин зургадугаар сард Путины 23 жилийн дэглэмийг ганхуулсан богино хугацаатай бослого зохион байгуулсан. Беларусийн удирдагч Лукашенко түүнтэй утсаар ярисны эцэст “Вагнер”-ын цэргүүд Ростов-на-Дону хотоос ухарч байв. Энэ үеэс хойш олны нүдэнд үзэгдээгүй Пригожин өчигдөр /2023.08.21/ анх удаа телеграм хуудсаараа мэдэгдэл хийлээ.
“Вагнер групп хайгуул, судалгаа хийж байна. Бид Орос улсын нөлөөг бүх тивд тэлж, Африкийг илүү эрх чөлөөтэй болгоно. Бид жинхэнэ хүчирхэг эрчүүдийг хөлсөлж, хэрэгжүүлэхээр амласан ажлуудаа үргэлжлүүлэх болно. Вагнер групп Иракийн Исламын улс болон аль-Кайдад цельсийн 50 хэмийн халуун тамыг бэлэглэж байна ” гэж тэр ярьжээ.
Пригожин энэ үеэрээ автомат буу барьж, цэргийн хувцсаа өмссөн байв. Харин түүний ард цэргийн машин, цэрэг хувцастай хүмүүс харагдана. Тус бичлэгийг хэзээ, хаана хийсэн нь тодорхойгүй.
Оросын хэвлэлд мэдээлснээр Пригожин Африкт ажиллах дайчдыг хөлсөлж байгаа аж. Мөн Төв Африкийн бүгд найрамдах улсад мөнгө хандивлахыг Оросын хөрөнгө оруулагчдаас хүсч байна. Төв Африкийн бүгд найрамдах улс бол “Вагнер”-ын цэргүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улсуудын нэг. Кремль 2014 оноос хойш “Вагнер”-ыг Ойрхи Дорнод болон Африк дахь Оросын нөлөөг тэлэх хэрэгсэл болгон ашигласаар ирсэн.
Зургадугаар сарын бослого ид өрнөж байхад Путин Пригожинийг урвагч гэж зарлаж, хатуу шийтгэл амласан. Гэвч сүүлд нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээргүй болсон. Бослогын дараахан Кремлиэс мэдэгдсэнээр Путин Пригожин болон “Вагнер”-ын бусад командлагчтай гурван цагийн турш уулзжээ. Долдугаар сард цахим сүлжээнд тавигдсан нэгэн бичлэгт Пригожин Беларусьд очсон харагдсан. Түүний дараа Санкт-Петербург хотод болсон Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдийн дуранд өртжээ. Одоогоор түүний хаа байгаа нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ