Хотын дарга цахим шилжилтийн үер Улаанбаатарын анхны цахим иргэн гэх Эгүнэгээс онигоо ярьж чаддаг эсэхийг асуухад,
-Эмгэн, өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Сандлаа зараад зогсдог болжээ… гэх үлгэрийг хэлсэн. Харин хотын дарга ажлаа авснаас хойш 1000 дахь өдрөө тохиолдуулан амьгүй өгөгдөлтэй бус хотоос сонгогдсон ард түмний төлөөлөлд хожмоо хийх “үлгэрээ” ярьж өгөв. Тэрхүү үлгэр нь хотын бонд гаргаж, нийслэлчүүдийг өрөнд оруулаад зогсохгүй хотын асуудлаар далимдуулан намаа санхүүжүүлж, нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нэртэй ашиггүй, авлигын уурхайтай болох байв.
Аль болох сунжруулахгүй гэж хурдан хурдан ярьсан ч УИХ-ын гишүүд үлгэрт автсан хүүхдүүд үргэлжлүүлэн зүүдэлдэг шиг унтаж харагдав. Амралтын хэмнэлээсээ гараагүй өглөө боссондоо алжаалсан уу, бүү мэд. Хотын дарга буухаасаа өмнө бонд босгоод зогсохгүй хот өөрийн гэсэн уурхайтай болох тухай УИХ-ын гишүүд үүрэглэх зуурт хэлэв. Түүнд бондын мөнгө багаджээ. Улаанбаатарчуудын асуудлыг шийдэхэд 141 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан бөгөөд хөрөнгө оруулалтыг шийдэхийн тулд бонд гараж, нүүрсний ордтой болох гэнэ.
Хамгийн сонирхолтой нь хотын даргын энэхүү төлөвлөгөөг намын болон Засгийн газрын түвшинд дэмжээд зогсохгүй намрын чуулганаар хэлэлцэх хуулиудаар шийдэж өгөх нь.
Урьдын бэрх цагт хятадын пүүсний данжаадуудад өрөндөө баригдахдаа нүүн зугтдаг байсан бол өнөөгийн хотын дарга хотоо барьцаалж бонд босгох нь. Эхний ээлжинд 187 тэрбум төгрөгийн бонд босгохоор төлөвлөж буй энэхүү бонд 15 хүртэлх хувийн хүүтэй байхаар эхний тооцоолсон бөгөөд “Сэлбэ сэргэлт” төсөлд зарцуулна. Тэрхүү төслөөр 225 км зам холбох бөгөөд ингэснээр “Улаанбаатарын түгжрэлийг бууруулах ажлууд үр дүнд хүрнэ” гэж хотын дарга тайлбарлаад буй.
Тэд байнга л гоё гоё бодлого боловсруулдаг ч үнэндээ улсад хэрэгтэй нь тун чиг ховор. Балагтай нь сүүлийн үед хэдэн их наядаар тооцогдох мөнгөний бодлогыг нь бидний асуудлаар шалтаглан зүтгүүлдэг болов.
Мэдээж энэхүү төслийн бодит өртөг нь их наядаар тооцогдоно гэдгийг ярианыхаа засварт хэлээд байгаа нь учиртай. Бага багаар олон бонд гаргахыг ч төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Учир нь, биднийг байхгүй аймгийн ой тэмдэглэх гээд хөд алдаж явахад 2023.07.19-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд 500 тэрбум төгрөг хүртлэх бонд гаргахыг дэмжсэн шийдвэр гаргажээ.
Монгол Улсын нийт өр болох33 тэрбум ам.доллар дээр энэхүү өр ч нэмэгдэнэ л гэсэн үг. “2016 онд эхийн хэвлийн байгаа хүүхэд хүртэл өртэй төрж байна” гэж сурталчилгаа хийн бондыг хор холбогдлыг тайлбарлаж байсан эрх баригчид өнөөдөрр өөрсдөө бондоос өөр бодлогогүй болжээ.
“Чингис” бондын өрийг зүхэн зүхэн “Гэрэгэ” бондоос босгосон мөнгөөрөө төлсөн. “Номад”, “Century”,”Мазаалай”, “Хуралдай” гэхчилэн бондуудыг санавал нэгийг нөгөөгөөр нь хаагаад л ирсэн харагдана.
Сангийн сайд Б.Жавхлангийн хавар хэлж байснаар "Зөвхөн өмнө нь авсан бондын өрийг дахин санхүүжилт хийж байна. 2023, 2024 онд нийтдээ 1.1 тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Үүнээс 650 сая ам.долларыг дахин санхүүжилт хийх байдлаар зохицуулж байна. Өөрөөр хэлбэл, 650 сая ам.долларын өрийг 2028 он хүртэл сунгаж байна гэсэн үг”. Иргэд ломбарднаас ломбардны хооронд шогшдог болсон бол Засаг нь бондоос бондын хооронд бодлого боловсруулдаг болчихож. Иргэд амьдралаа залгуулахын тулд өр тавьж буй бол улстөрчид улсаар нь барьцаалан мөнгө босгоод түүнийгээ өөрсдөдөө ашигтайгаар хуваарилахын тулд улсаар нь өрөнд оруулж байна.
Эрх мэдэл төвлөрөөд л байх тусам эдийн засаг, нийгмээ хорлосоор ирсэн олон жишээ сүүлийн 7 жилд бишгүй харлаа. Өнөөдөр МАН хотод өөрийн гэсэн “Эрдэнэс Тавантолгой”-той хуулиар болохоор зүтгүүлж байна. Үр дүнд нь баахан хулгай, тонуул л гарна уу гэхээс өөдтэй юм гарахгүй л болов уу?
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ