Агаарын бохирдлыг бууруулж, утаанаас салах төлөвлөгөөг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн олон нийтэд танилцуулсан нь шүүмжлэл дагуулав. Тэрбээр 177.5 тэрбумаар урд хөршөөс коксжих нүүрс авч нийслэлийнхэнд туршина гэж НИТХ-ын индэр дээрээс хэлсэн. Түүний хэлснээр коксжих нүүрс түлж эхэлбэл агаарын бохирдол хоёр дахин буурч нийслэлчүүд зовлонгоосоо салах гэнэ. Үнэндээ Б.Чойжилсүрэн сайдын арга мухардаж, төсвийн мөнгөөр гараа угаах нь гэж зэмлэх хүмүүс олон бий.
Тэгвэл энэ асуудлаар Хотын дарга Б.Сумъяабазар 177 тэрбумаар түлш сайжруулах биш янданг бууруулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “177.5 тэрбумын шийдвэр гараагүй байгаа. Санхүүжилт нь босоогүй байна. Эхлээд бид сургууль цэцэрлэг, холбоос зам, орон сууцны бодлогоо дэмжих хэмжээнд яригдана. Мэдээж ард иргэдийн эсэргүүцэл 177.5 тэрбумд бий. Эцсийн дүнд уг шийдвэр миний гарын үсгээр гарна гэдгийг хатуу хэлье” гэжээ.
Түүний ярианаас МАН-ынхан коксжих нүүрсний асуудлаар түнжин хагарч мэдэх нь гэсэн хардлага төрж байгааг нуух юун. Магадгүй энэ асуудал намрын унтаа улс төрийг сэрээж, талцал үүсгэсэн шинэ сэдэв байх бололтой. Түүнчлэн уг асуудлаас ХҮН нам хоцорсонгүй. ХҮН намаас сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид мөн хотын захиргаанд мэдээлэл хийх юм гэнэ лээ.
Холбоотой мэдээ