Сүүлийн 10 жилийн турш долоо хоногт дунджаар 50 цагаач Европыг зорьж яваад Газар дундын тэнгист осолдож, амиа алдсан байдаг. Энэ тоо 2023 онд 70 болж өслөө. Тэдний олонх нь цар тахлын дараах ядуурал, дарангуйлал, эмх замбараагүй байдал, Украин дахь дайнаас зугтсан байна. Мөн цаг уурын өөрчлөлтөөс болж хямарсан Африк, Ойрхи Дорнодын орнуудаас дүрвэсэн цагаачид багагүй хувийг эзэлнэ. Дүрвэж яваад амиа алдсан цагаачдын тоо өнгөрсөн зургадугаар сард оргилдоо хүрч, Грекийн эрэгт 600 гаруй хүн живж нас барсан.
Амь дүйсэн аяллын ард гарч чадсан ч тэд Европ, Их Британид дайсагналтай тулгардаг. Цагаачлалыг хязгаарлах арга хэмжээ АНУ-ын нэгэн адил популистуудын дунд ч түгээмэл. Цагаачдын тоо өсөхийн хэрээр Европын нийслэлүүдэд хууль бусаар нэвтрэхэд төвөгтэй болж, тэднийг хөөн гаргах явцыг ч хурдасгах болжээ.
Улстөрчид сонгуульд давуу байдал олж авахын тулд цагаачдын тоог бууруулах амлалт өгч байна. Зарим нь бүр хэрцгий гэмээр хүчин чармайлтууд гаргадаг аж.
Их Британийн засгийн эрхийг 2010 оноос хойш барьж байгаа Консерватив нам ирэх онд болох бүх нийтийн сонгуулийн өмнө ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Ерөнхий сайд Риши Сунак мөрийн хөтөлбөртөө Францын Ла-Маншийн сувгаар дамжин ирдэг цагаачдын тоог бууруулах амлалтыг багтаажээ. Сүүлийн таван жилийн хугацаанд энэ замаар Британийн эрэгт 100 мянга гаруй хүн ирсэн байна.
Энэ зорилгодоо хүрэхийн тулд Риши Сунак цагаачдыг аюулд оруулах эрс тэс бодлого хэрэгжүүлжээ. Тэрбээр орогнол хүссэн олон зуун цагаачийг Английн өмнөд эрэгт бэхэлсэн хөвөгч хөлөг онгоцонд байрлуулсан. Засгийн газрын төлөвлөгөөний дагуу Бибби Стокгольм нэртэй тус усан онгоцонд 500 цагаач байрлана. Гэвч энэ нь тус өрөөний стандарт хэмжээнээс хоёр дахин их тоо юм. Орогнол хүсэгчдийг хөлөг онгоцонд байрлуулснаар засгийн газар зочид буудлын өндөр төлбөрөөс зайлсхийсэн гэж үзэж байна.
Их Британийн Гал сөнөөгчдийн холбоо уг усан онгоцыг үхлийн урхи гэж анхааруулсан хэдий ч энэхүү бодлогогүй алхмаа хийжээ. Цагаачид ирснээс хойш дөрөвхөн хоногийн дараа хөлөг онгоцны усны системд өвчин үүсгэгч бактер илэрсэн байна. Британийн зочид буудлуудад 50 мянган цагаач байрлаж буй. Хөлөг онгоц бүрэн хүчин чадлаараа ажилласан ч буудалд байгаа цагаачдын дөнгөж нэг хувийг л багтаах боломжтой.
Орогнол хүсэгчдийг хүлээн авах хугацааны хувьд Их Британи нь Европын бусад томоохон орон, тэр дундаа Герман, Францтай харьцуулахад илүү урт юм.
Улмаар Их Британи улс цагаачдыг Руанда руу илгээх тохиролцоонд хүрсэн. Хэрвээ Руанда тэдэнд орогнол олговол Их Британид өргөдөл гаргах эрхгүй болно. Их Британи улс өнгөрсөн сард Руандагийн хөгжлийн санхүүжилтэд зориулж 180 сая ам.доллар төлжээ. Ингээд өөрсдийн арга барилаа зөвтгөхийн тулд дүрвэгсдийг аюулгүй байлгахыг Руандагаас шаардсан байна. Гэвч Их Британийн шүүх Руанда улсыг орогнол хүсэгчдийн хувьд аюулгүй гуравдагч орон гэж үзэх боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Тиймээс энэ хэлэлцээр бүтэлгүйтэв. Сунакийн засгийн газар шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдах юм байна.
Энэ хооронд Риши Сунакийн байр суурь суларчээ. Түүний Консерватив нам гол өрсөлдөгч болох Хөдөлмөрийн намаас 20 орчим хувиар хоцорч байна.
Их Британид төрсөн гадаад иргэний тоо сүүлийн жилүүүдэд огцом нэмэгдсэн. Тодруулбал, нийт хүн амын 15 хувийг Их Британид төрсөн гадаад иргэн эзэлж байна. Ажиллах хүчний хомсдолтой тулгараад буй Их Британийн дутууг цагаачид нөхөх боломжтой.
Зөвхөн Газар дундын тэнгисээр тогтохгүй Германд ч бас цагаачдын үймээн тасрахгүй байна. Австрийн хилээс хэдхэн км зайд орших Германы Розенхайм хот бол тус улсыг зорин ирсэн цагаачдын анхны зогсоол юм.
Риши Сунак Руанда руу цагаач илгээх шийдвэр гаргасан жишигийг дагаж, Европын холбоо Тунист 110 сая ам.доллар төлөх тохиролцоонд хүрчээ. Хариуд нь Тунисын ерөнхийлөгч Кайс Сайед Европын орнуудтай хамтран ажиллахаа амласан. Гэвч Кайс Сайед арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэсэн гэж буруутгагджээ.
Европыг зорих цагаачдын ихэнх нь Италийг гол гарцаа болгодог. Тиймээс Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони Европын холбооны дээрх шийдвэрт хүчтэй нөлөөлжээ. Нэгэн цагт хэт барууны үзэл баримтлалтай гэж олны хэл амны бай болж байсан Мелони өдгөө “Европ баг”-ийн нэг гишүүн болжээ. Гэсэн хэдий ч энэ он гарсаар 100 мянга гаруй хүн Италид очсон нь 2022 оноос хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Дүрвэгсдийн ихэнх нь Сахарын цөлөөс өмнөх африкчууд байжээ.
Эх сурвалж: WASHINGTON POST, BBC
Холбоотой мэдээ