Дулааны улиралд аялал зугаалгаар явж байгаа иргэд тарваганы мах шарж, боож идэх тохиолдол их гардаг. Үүнтэй зэрэгцээд халдварт өвчнөөр өвдөж, хүндэрч эндэх эрсдэл ч гарч буй. Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд тарваган тахал өвчний эрсдэл их байгааг Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна. Энэ талаар болон 15 аймагт тарваган тахал гарч болзошгүй эрсдэлийн талаар ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрахаас тодрууллаа.
-Одоогоор улсын хэмжээнд тарваган тахлын батлагдсан болон сэжигтэй хэчнээн тохиолдол бүртгэгдээд байна вэ.Хүмүүсийн биеийн байдал сайжирсан уу?
-Улсын хэмжээнд тарваган тахлын батлагдсан хоёр тохиолдол байна. Хүмүүсийн биеийн байдал сайжирч, тусгаарлалт дуусч эмнэлгээс гарсан. Сэжигтэй тохиолдлын хувьд өдөр бүр дуудлага мэдээлэл ирж байгаа учир их. Батлагдсан тохиолдлын хувьд нэг нь Говь-Алтай, нөгөө нь Улаанбаатарт. Эдгээр тохиолдлын нэгдүгээр хавьтлаас өвчилсөн хүн байхгүй.
Тарваган тахлын өвчлөлийн батлагдсан тохиолдол нэмэгдэхгүй байгаа ч ЗӨСҮТ-д өдөр бүр сэжигтэй гэх дуудлага мэдээлэл ирж байна. Энэ нь өвчлөл тархах эрсдэл их байгааг харуулж байгаа хэлбэр.
Ялангуяа төв суурин газарт халдварын сэжигтэй дуудлага их бүртгэгдэж байгаа нь хүмүүс анхааруулаад байхад тарвага агнаж зөөвөрлөж, махыг нь идэж байгаатай холбоотой. Болгосон мах боодог төдийгүй тарваганы түүхий эд ихээр зөөвөрлөж байгаа нь Улаанбаатарт тахал тархах өндөр эрсдэл үүсгэж байна.
-Эрсдэл өндөр байгаа аймгуудын тухайд өнөөдрийн байдлаар хөл хорио тогтоосон газар байхгүй. Тэгвэл эдгээр орон нутгаас тарваганы мах зөөвөрлөж байгаа эсэхэд хяналт тавьж байгаа юу. Хэрэв тарваганы мах худалдан борлуулах болон ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх гэж оролдоод баригдвал шийтгэл ногдуулах уу?
-Зооноз өвчин судлалын үндэсний төв үүрэг чиглэлийн дагуу ажиллана. Мэдээж хууль бус, хориотой үйлдэл гаргасан этгээдэд Зөрчлийн хууль болон бусад холбогдох хуулиар ял шийтгэл оногдуулна. Одоо бол Монгол Улсын хэмжээнд авч үзвэл эрсдэлгүй аймаг, сум, дүүрэг нэг ч байхгүй. Бүгд эрсдэл өндөр байгаа ч үүнээс голомтот эрсдэл байж болзошгүй 15 аймаг 81 сум бий. Хяналт, яаралтай оношилгоо, шинжилгээний хувьд баг маш шуурхай ажиллаж байгаа. Хэрэв хугацаа алдвал энэ халдвараар шууд нас барах эрсдэл өндөр. Эрүүл мэндийн сайдын албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамж, холбогдох мэргэжлийн бүх байгууллага, Экологийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар гээд бүгд л эрсдэлт үйлдэл гаргаж байгаа тохиолдлыг илрүүлэхээр идэвхжин ажиллаж байна.
Гол нь сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаад байхад иргэд санаатайгаар тарвага агнаж, тарваганы мах зөөвөрлөж, хорхог, боодог хийж идэж байгаа нь амиа хорлох нэг хэлбэр гэхэд хилсдэхгүй. Тахлын тохиолдол аюултай, өвчилсөн хүмүүсийн тал нь нас бардаг гэдгийг бид мөн ч их анхааруулж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 17 хүн тарваган тахлаар өвдөж тэдний найм нь нас барсан.
Энэ бол бага тоо биш. Сэжигтэй үйлдэл гаргаж, эрүүл мэнд амь насаараа хохирсон бол тэр хүн өөрөө л хариуцлага хүлээнэ. Орон нутагт халдварын сэжигтэй тохиолдол өдөр ирэх бүрд өсч байна. Тухайлбал, хотод батлагдсан сүүлийн тохиолдол буюу Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас одоо ч тарвага ихээр зөөвөрлөж, өдөрт хураагдаж байна. Эрсдэлийг сануулж, анхааруулаад байхад тоохгүй байна гэдэг дээр хэлсэнчлэн амиа хорлох хэлбэрийн үндэслэл.
Хүмүүс голомттой газраас агнасан тарвага худалдаж аваад, өөр голомтгүй аймаг идэж байгаа нь ч өвчлөлийн тархах эрсдэлийг нэмж байна.
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн анхаарлыг энэ жил тарваган тахлын сэжигтэй тохиолдол их сорьж байна.
-Хүмүүс тарваган тахлын гэдэсний халдварын тохиолдол бүртгэгдсэн гэхээр сайн ойлгохгүй байна. Тарваган тахлын халдварлах болон өвчлөх хэлбэр олон төрөл байдаг гэсэн үг үү?
-Тийм. Гэдэс, уушги, залгиур, булчирхайн хэлбэр гэхчлэн олон халдвараар тарваган тахал илэрдэг. Тархах хэлбэрийн тухайд:
- Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс салстын шархаар, өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалалтгүй харьцах үед
- Тарваганы бүүрэгт хазуулах үед
- Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд эрхтэн, махыг хүнсэнд хэрэглэх явцад
- Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд дамжин халдварлах зэрэг. Тиймээс хүн бүр эрсдэлт үйлдэл гаргахгүй байх нь өвчлөлөөс хамгаалах хэлбэр юм.
-Тарваган тахлаар өвчлөгсдийн тал хувь нь нас бардаг гэсэн. Хэрэв эмчилгээгээ дутуу хийлгэх болон эмнэлэгт хандаагүй шинж тэмдэг илрээгүй бол тухайн иргэн гэрийн нөхцөлд өөрийгөө эмчлэх боломжтой юу?
-Боломжгүй. Тарваган тахлаар өвчилсөн л бол шинж тэмдэг илэрдэг. Сэжигтэй тохиолдлын дагуу яаралтай арга хэмжээ авч, эмнэлгийн байгууллага тусгаарлаж, зохих эмчилгээг хийнэ. Эмчилгээ дутуу хийснээс болж өвчлөл сэдрэх, эмчилгээг гэрийн нөхцөлд хийх боломжгүй.
-Шинжилгээний хариу хэд хоногт гардаг вэ. Дахин сорьцоор эерэг гарсан ч баталгаажуулах шаардлагатай.
-Түргэвчилсэн шинжилгээний хариу 15-40 минутын дотор гарц сорьц батлагдвал баталгаажуулах давтан сорьцыг авдаг.
Холбоотой мэдээ