"Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль гурван өдөр үргэлжилж, дууслаа. Энэ жил Төв аймаг шилдэг аймгаар шалгарчээ. Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон томоохон арга хэмжээг наймдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд зохион байгуулсан юм. Төв аймаг нь олон угсаатны бүлгүүдийн өв соёл холилдон оршиж соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, илэрхийллээрээ онцлог нутаг. Мөн аман уламжлалаар морь, бөхийн цол түлхүү өвлөгдсөн. Төв аймгийн нутаг дэвсгэрт монгол уртын дууны Баянбараат аялгууны цөм хэсэг нь, харин боржигин уртын дууны тархалтын баруун хойд хэсэгт хамрагддаг билээ.
Төв аймаг нь ширмэл ширдэг, Баяндэлгэр сумын цагаан эсгий гутал, гяраг бүс болон хөхүүрийн айраг исгэх уламжлалаараа онцлог нутаг юм. Аймгийн хэмжээнд 543 өвлөн уламжлагч бүртгэлтэй байдаг бөгөөд 483 нь соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд байдаг аж.
Соёлын биет бус өвийн долоон ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд 30 гаруй хөтөлбөрийн дагуу зохион байгуулж нүүдлийн соёл иргэншил бүхий 10 гаруй улсын төлөөлөл оролцож нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулжээ. Дэлхий дээр нүүдлийн болон суурин хэмээх соёл иргэншлийн хоёр үндсэн төрөл бий хэдий ч олон мянган жилийн түүхийн он цагийн эрхээр нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёл, ёс заншил хувиран өөрчлөгдөж, дэлхий дээр нүүдлийн соёлын ул мөр улам бүр бүдгэрч байна.
Тийм ч учраас хүн, мал, байгалийн харилцан шүтэлцээн дээр бий болсон монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны нэг “Монгол нүүдлийн зан үйл”-ээ UNESCO-ийн “Соёлын биет бус өвийн конвенц”-д бүртгүүлэхээр илгээсэн талаар Соёлын сайд онцлон хэлсэн юм.
Холбоотой мэдээ