Хөндөх сэдэв: Их сургуулиудыг нүүлгэх бэнчин бий юу?!

Хуучирсан мэдээ: 2023.08.22-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Их сургуулиудыг нүүлгэх бэнчин бий юу?!

Хөндөх сэдэв: Их сургуулиудыг нүүлгэх бэнчин бий юу?!

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Шархад, Улиастай, Сэлбэ зэрэг дэд төвүүд бий. Энэ дэд төвүүдэд суурилсан их, дээд сургуулиудыг гаргах бодлогыг хиймээр байна. Дархан, Багануур хөдөө орон нутагт шилжүүлнэ гэж олон жил ярьсан. Одоо үүнийгээ болиод Улаанбаатар хотдоо, ШУТИС-ийг Шархад руу, АШУҮИС-ийг Амгалан руу, СУИС-ийг Сэлбэ рүү, МУБИС-ийг Ханын материал руу зэргээр их, дээд сургуулиудаа хэдэн тийш нь гаргах нь төвийн дүүргийн төвлөрлийг сааруулах хамгийн зөв шийдэл гэж харж байна. Богино хугацаанд хийх шинэчлэлтийн ажил болно" гэдэг байр суурийг илэрхийллээ. Үнэндээ их сургуулиудыг хотын зах руу нүүлгэнэ гэдэг популизм. Барилга байшин, дэд бүтэц, нийтийн тээврээс эхлээд асуудал тоймгүй. Тиймээс энэ нь  эрх баригчдын ээлжит нэгэн үлгэр ч биз.

Томоохон их сургуулиудыг хотоос нүүлгэн шилжүүлэх асуудлыг сүүлийн арван жил ярьж буй. Засгийн газраас 2017 онд их, дээд сургуулиудыг чиглэл, чиглэлээр нь захын дүүрэг, орон нутагт шилжүүлэх ажлыг судалж, бодлого боловсруулж танилцуулахыг тухайн үеийн БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарт даалгаж байв. Гэвч өдийг хүртэл шийдэлд хүрсэнгүй. Тогтоол, шийдвэр нь цаасан дээр үлдэв.

Түүнчлэн 2018 онд хотын даргаар С.Батболд ажиллаж байхдаа “Дархан хот нь хүн амын суурьшил ихтэй том хот. Энэ хотод Анагаах болон ШУТИС-ийн салбар сургууль байна. Тиймээс бид зөвхөн ХААИС-ийг нүүлгэх тухай ярих ёсгүй юм. Аль нэг их сургуулийг нэг дор нүүлгэн шилжүүлэх боломж одоогоор алга. Тиймээс их сургуулиудыг боломжийн хүрээнд нүүлгэх ёстой. Ингэхийн тулд Улаанбаатар хотод орших ХААИС нь хөдөө аж ахуйн инженер, агрономич зэрэг мэргэжлээр зөвхөн Дархан хотод бэлтгэдэг байж болно.

Дархан хотод нөөц бололцоо байна. Хүн хаана сурах нь гол нь бус сайн мэргэжил эзэмших нь чухал юм. Дархан хот дулаан эрчим хүчний хангалттай нөөц бололцоотой учраас нийслэл хотыг төвлөрлийг сааруулахад чухал үүрэгтэй. Энэ бүс нутаг бол их, дээд сургуулиуд нүүж ирэхэд таатай бүс. Дархан хотыг оюуны хот болгон хөгжүүлэхэд таатай санагдаж байна. Үүнд зориг гарган ажлыг эхлүүлэх хэрэгтэй" гэж байв.

ИХ СУРГУУЛИУДЫГ  ХӨДӨӨ НҮҮЛГЭХ БОДЛОГО ХӨСӨР ХАЯГДАВ

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020 онд МУИС-иас бусад төрийн өмчит их сургуулийг Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Ховд зэрэг аймаг руу нүүлгэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлсэн. Эхний ээлжинд 2021 онд Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийг Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ.  “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг /ШУТИС/-ийг Орхон аймагт шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж байв.

Яамны дэд сайд Г.Ганбаяр өмнө нь мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Багануур дүүрэг рүү нүүлгэнэ гэж ярьж ирсэн. Багануурт зөвхөн дэд бүтцийг нь байгуулахад 11 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ бол 2013 оны тооцоо шүү. Тиймээс Багануур өндөр өртөгтэй байна гэж үзсэн. Цаашдаа зургаан газрыг түшиглэн их дээд сургуулиудын төвлөрүүлнэ. Ховд их сургуулийг түшиглэсэн хотхонг баруун аймгуудад, Зүүн талд Дорнод их сургуулийг түшиглэнэ, Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн их сургуулиуд, Дарханд байгаа салбар сургуулиудыг түшиглэн ХААИС-ийг тийш нь нүүлгэнэ.

Дорноговьд мөн их сургууль төвлөрүүлнэ. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал орж, тогтоол гарна. Ирэх жил тодорхой сургуулиудыг нүүлгэхээр төлөвлөж байна.

ХААИС-ийн дөрвөн хөтөлбөрийг Дархан хот руу шилжүүлсэн байгаа. Тиймээс ХААИС-ийг Дархан хотыг түшиглэн нүүлгэнэ. ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд Эрдэнэт хот руу нүүлгэнэ. Уул уурхай, технологи талаа түлхүү явуулна. Ховд руу боловсрол, эрүүл мэнд чиглэлийн сургуулиудаа нүүлгэнэ. Анагаахын сургууль бол хөдөө орон нутагт салбартай. Харин МУИС-ийг Улаанбаатар хотдоо байх нь зүйтэй гэж үзэж байгаа” гэдгийг хэлж байв.

Их дээд сургуулийн багш ажилчдын зүгээс гэр бүлийн хамт орон нутаг руу нүүнэ гэдэг маш том асуудал. Тиймээс давхар нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Үе үеийн Засгийн газар, хотын удирдлагын "толгойны өвчин" их дээд сургуулиудыг хотоос гаргах болсон гэхэд хилсдэхгүй. Хичээл сургууль эхлэдэг намрын улиралд нийслэл хотын түгжрэл дээд цэгтээ тулж, заримдаа тэг зогсолт хийдэг. Хотын түгжрэлийг бууруулах сайхан сайхан "үлгэр" олон жил ярьж ирсэн ч амьдрал дээр хэрэгжиж ирсэн нь тун цөөн.

Их сургуулиудыг нүүлгэнэ гэж суухаар татвараа төлөөгүй, согтуугаар жолоо барьдаг, торгуулиа төлдөггүй жолооч нараа цэгцлэх юм бол түгжрэл бага хэмжээгээр багасч мэднэ шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж