Үндэсний их баяр наадмаар барилдаж, допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн шинжилгээний хариу гарсан талаар өнөөдөр /2023.08.21/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг шөвгөрсөн бөхчүүдийн нэгнээс нь бодис илэрсэн гэсэн юм. Тодруулбал, 32 бөхийн шинжилгээний хариу ирснээс нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ. Уг бөхийн нэрийг одоогоор зарлах боломжгүй болохыг П.Сайнзориг дурдаад "Шинжилгээний хариу нь эерэг гарсан бөхөд энэ талаар дуулгана. Тамирчин Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа уг бөхийн нэр тодорхой болно. Б сорьцын хариу ямар гарахаас шалтгаалж арга хэмжээ авна" гэсэн юм.
Тиймээс энэ жилийн улсын наадамд шөвгөрсөн зарим бөхтэй холбогдож, шинжилгээний хариутайгаа танилцсан эсэхийг тодруулсан юм.
Улсын Арслан М.БАДАРЧ "Би шинжилгээний хариуны талаар мэдээлэл аваагүй байна. Над руу холбогдсон зүйл одоогоор алга. Би Дарханд явж байна. Допингийн шинжилгээний хариуны талаар саяхан хийсэн мэдээллийг цахимаар харсан" гэх хариулт өгөв.
Даян Аварга Н.БАТСУУРЬ "Улсын баяр наадмаар барилдахад авсан допингийн шинжилгээний хариу гарсан эсэх талаар мэдээлэл аваагүй байна. Одоогоор баяр наадмын комисс, бөхийн холбооноос холбогдоогүй. Миний хувьд орон нутгаар явж байгаад саяхан хотод ирсэн. Шинжилгээний хариуны талаар мэдээллийг удахгүй өгөх байх" гэлээ. Харин О.Хангай аваргын утас холбогдохгүй байв.
ШӨВГӨРСӨН 16 БӨХИЙН АЛИНЫХ НЬ Ч ХАРИУГ ОДООГООР МЭДЭГДЭЭГҮЙ БАЙНА
Засгийн газрын тогтоолоор батлагдсан Допингийн эсрэг дүрэмд "Зөвхөн үндэсний их баяр наадмын хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэр гаргана гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, допингийн шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороонд шууд хүргүүлэх зохицуулалттай.
Одоогоор шөвгөрсөн бөхчүүдийн хэн нь ч хариугаа аваагүй байгаа бөгөөд дахин шинжилгээ өгөх мэдээлэлгүй байгаа аж.
Ингээд 2023 оны Үндэсний их баяр наадмын зургаагийн даваанд шөвгөрсөн 16 бөхийн дүйзийг сонирхуулъя.
- Н.Батсуурь (Дая.а) – Э.Ууганбаяр (А.х.а)
- О.Хангай (У.ав) – Д.Тогтохжаргал (А.а)
- Ц.Содномдорж (У.ар) – Г.Бадрах (У.х)
- Б.Орхонбаяр (У.ар) – Г.Ганхуяг (А.а)
- М.Бадарч (У.г) – Э.Даш (У.н)
- Б.Пүрэвсайхан (У.з) – Л.Отгонбаатар (Ц.а)
- М.Лхагвагэрэл (У.з) – С.Сүхбат (А.х.а)
- Ш.Пүрэвгарьд (У.х) – Ц.Бямба-Отгон (У.х)