Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдын допингийн шинжилгээний хариуг Бөхийн салбар комисс, ДЭҮТ-өөс мэдээлж байна.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:
-32 бөхийн шинжилгээний хариу ирснээс нэг бөхөөс допинг илэрсэн. Олон улсын гэрээ конвенци болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэр усыг зарлах боломжгүй. Энэ бөхөд бид мэдэгдэнэ.
Тухайн бөх өөрийн эрхийн дагуу Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой болно. Б сорьцын хариуг харж байж арга хэмжээ авах асуудал яригдана.
Хариуг цувруулж ирүүлдэг, ирсэн хариуг мэдээлдэггүй гэх хардалт явдаг. Үндэсний допингийн төвөөс өгч буй мэдээллээр энэ шинжилгээнүүд долдугаар сарын 17-ны өдрөөс хойш лабораторид орж эхэлсэн. Долдугаар сарын 27-ны өдөр 31 бөхийн хариу ирсэн. Гэхдээ зарим нэгэн эргэлзээтэй хариуг дахин нягталдаг гэж ойлгосон. Энэ хариу өнөөдөр ирсэн. Ирсэн даруйд нь олон нийтэд мэдээлж буйг хэлье.
Шөвгөрсөн нэг бөхөөс бүх цаг үед хориглосон бодис илэрсэн. Өөрөөр хэлбэл, олон улсын "WADA"-гаас гаргасан бүх цаг үед хориглосон метанолон гэх бодис илэрсэн. Шинжилгээний хариуг тухайн бөхөд танилцуулна. Хэрэв Б сорьцын шинжилгээнд орно гэвэл дараагийн шинжилгээний зардлыг тамирчин өөрөө даах ёстой.
Допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.МӨНХБОЛД:
-Допингийн Б сорьц нь дахин шинжилгээ өгөх асуудал биш юм. А, Б сорьц нэг өдөр, нэг савлагаатайгаар лабораторид очдог. Хэрэв тухайн бөх А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьц өгөх боломжтой байдаг. 32 бөхөөс 31-ийнх нь допингийн шинжилгээний хариу Допингийн эсрэг үндэсний төвд долдугаар сарын 27-нд ирсэн. Нэмэлт төлбөр төлсөн шинжилгээний хариу 72 цагийн дотор гардаг. А сорьцын шинжилгээний хариуг Б сорьцын хариу давтахгүй бол хүчингүй болдог. Тийм тохиолдол бараг гардаггүй. Хэрэв тухайн тамирчин Б сорьцын шинжилгээ хийлгэх бол 14 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.
Холбоотой мэдээ