Украины арми Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхдөө Зөвлөлтийн үеийн томоохон пуужингийн системийг ашиглаж байж болзошгүйг Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэв. Тагнуулын шинэчилсэн мэдээлэлд тэмдэглэснээр Москвад нисгэгчгүй онгоцны халдлага эрчимжихийн зэрэгцээ "А-5 GAMMON" пуужингийн цохилт нэмэгдэх болжээ.
"А-5 GAMMON" пуужинг өөрөөр "S-200" газар-агаар ангиллын пуужингийн систем гэж нэрлэдэг. Энэ нь 7.5 тонн жинтэй, 10 гаруй метр урттай. Мөн агаарын довтолгооноос хамгаалах үүрэг гүйцэтгэхдээ 305 км зайд, 40 мянга орчим метр өндөрт байгаа байг онох боломжтой.
Украин тус зэвсгийг агаарын довтолгооноос хамгаалах үндсэн үүргээс нь өөрөөр буюу газрын довтолгооноос хамгаалах баллистик пуужин болгон ашиглаж байна. "Точка" баллистик пуужингийн нөөц багасч буй тул Украин хуучин зэвсгүүдийг газрын довтолгооны зориулалтаар дахин ашиглаж магадгүйг Форбес сэтгүүл долдугаар сард мэдээлжээ.
ОХУ-ын Брянск муж болон Украинтай хиллэдэг хилийн чанх хойд хэсэгт "V-860" эсвэл "V-880" пуужингаар цохилт өгчээ. Эдгээр пуужинг "S-200" системд ашигладаг. Ийм төрлийн цохилтыг хэдэн удаа өгсөн нь тодорхойгүй ч Украины арми Крымд дахин тоноглосон "S-200" системээр цохилт өгөхийг оролдсон гэж Оросын хэвлэлд өнгөрсөн Бямба гаригт мэдээлжээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER