“UB FOOD FESTIVAL 2023” амттай, аз жаргалтай эвент наймдугаар сарын 18-20-ны хооронд гурван өдөр үргэлжилсэн. Сүхбаатарын талбайд болсон арга хэмжээний үеэр хоолны шоу үзүүлбэр, хоолны амталгаа, урлаг соёлын арга хэмжээ болов. Амралтын өдрөө ая тухтай, гэр бүл, найз нөхөдтэйгөө зугаатай өнгөрүүлж байгаа тухай иргэд ярьж байлаа.
Всеволод Лоб, Б.Золзаяа:
-Бид Москва хотоос ирсэн. Энэ арга хэмжээний талаар ямар ч мэдээлэлгүй байж байгаад таарчихлаа. Их сонирхолтой санагдаж байна. Нэг дор олон төрлийн хоолны асрууд гарсан байна. Дотоодын гэлтгүй гадаадын жуулчдад хүртэл сонирхолтой санагдаж байгаа байх. Бид аль хэдийнэ өдрийнхөө хоолоо идсэн. Гэхдээ эдгээр асруудаар зочлох бодолтой байна. Манай нөхөр, хүүхдүүдийн маань хувьд урлагийн үзүүлбэрүүд нь нэлээд таалагдсан. Учир нь бидний төлөвлөгөөнд ийм арга хэмжээнд оролцоно гэсэн зүйл байгаагүй. Гэнэтийн маш сонирхолтой байлаа. Энд байгаа хүмүүсийг харахад бүгдээрээ гэр бүл, үр хүүхдээ дагуулаад цагийг сайхан өнгөрүүлж байх шиг байна. Ийм гоё наадам болдгийг бас мэдэж авлаа. Сэтгэгдэл маш өндөр байна.
Ц.Батцэцэг:
-Сэтгэгдэл сайхан байна. Өнөөдөр маш олон хоолны газар ирсэн байна. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой байх шиг байна. Хичээж ч үйлчилж байна. Энд олон хүмүүс ирээд талбай дээр олон төрлийн хоол амтлаад сонирхолтой санагдлаа. Би дүүтэйгээ, дүүгийнхээ ачтай ирээд хоёр цаг гарантаа болж байна. Задгай талбай дээр хөгжим сонсч, тоглолт үзлээ. Зохион байгуулалт бол сайн байна. Гэртээ утсаа оролдоод хэвтэж байснаас бол хамаагүй дээр юм. Надад бол их таалагдлаа. Хоолны асруудаар зочилж, хоёр газраас хоол шорлог авч идсэн. Үнийн хувьд их боломжийн санагдлаа. Их үнэтэй бол хүмүүс авахгүй байх. Миний хувьд дундаж үнэтэй боломжийн байна. Гурван өдөр үргэлжлэн гэсэн би маргааш дахиад ирэх бодолтой байгаа. Дэмий гэртээ байж байснаас хөгжим сонсоод хоол идэнгээ агаарт суугаад гоё байна. Урлагийн үзүүлбэр бас үзлээ. Хүмүүс ч хог хаяхаа больчихож их ухамсартай болжээ.
Б.Энхжин:
-Хажуугаар нь явж байгаад сонирхоод ирсэн. Надад бол их сонирхолтой санагдаж байна. Зөвхөн хоол ч гэлтгүй кофе шопууд ирсэн байна. Тав тухтай удаан хугацаагаар сууж амрахад тохиромжтой санагдлаа. Би ээж, хоёр дүүтэйгээ дөрвүүлээ ирсэн. Саяхан ирсэн болохоор хоолны асруудаар зочилж амжаагүй байна. Гэхдээ хоолнууд нь маш гоё харагдаж байна. Бид яг дуулж байхад нь ирж таарсан. Их таалагдсан. Гурван өдөр үргэлжилнэ гэсэн маргааш ирнэ гээд бодчихсон байгаа.
АНУ-ын иргэн Маргарет Аменд:
-Орчин, хүмүүс нь их таалагдаж байна. Олон хүнтэй хамт задгай талбай дээр суунгаа олон тоглолт үзлээ. Монгол орны үндэсний хоолны фестиваль наадамд оролцоод сонирхолтой санагдаж байна. Монгол цуйван их гоё гэж сонссон. Тийм учраас эндээс цуйван авч идэх бодолтой байна. Монгол оронд ирсэн дээрээ монгол цуйван идэж үзчихээд явна. Бид Монголд ирээд удаагүй байгаа. Долоо хоног болж байна. Бид бол АНУ-ын их сургуульд сурдаг оюутнууд Монгол орны соёл уламжлалтай танилцах гэж ирсэн. Маш гоё байгальтай үзэж харах зүйл их байлаа.
М.Эрдэнэсүх:
-Би өдөр хүүхдүүдээ дугуйлангаас нь шууд аваад ирлээ. Амралтаа авчихсан байгаа учраас хүүхдүүдтэйгээ өдрийг сонирхолтой өнгөрүүлэхийг хичээдэг. Өнөөдөр 12:00 цагийн орчимд ирсэн. Тэрнээс хойш өдөржин талбай дээр байж байна. Хоолны асруудаар зочиллоо. Монгол, солонгос, энэтхэг хоол хүүхдүүдтэйгээ авч идлээ. Үнэ өртгийн хувьд ресторанд байдгаас илүү хямдхан байна. Амт чанарын хувьд сайн байна. Би анх удаа ирж байна. Нөгөөдөр хүүхдүүдтэйгээ хамт ирж 10м сэндвич ирж үзнэ. Би наймдугаар сарын 1 -нээс саяхан амралтаа авсан. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ Сүхбаатар аймгаар аялсан. Алтан овооны тахилга үзэж сонирхсон. Хар зүрхний хөх нуур яваад ирлээ. Хүүхдүүдээ дугуйлангаас нь аваад болзоо хийгээд явж байна. Хүүхдүүд маань хамгийн гол нь аз жаргалтай, инээж хөөрч байвал надад сайхан байдаг. Хүүхдүүдийнхээ хийхийг хүссэн зүйлийг нь биелүүлээд нь явж байна даа.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ