Дарханы замын ажлын талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Одоогийн байдлаар 2 болон 4, 5 дугаар багц хэсэгт өнгө хучилтын ажлууд хийж байна. Тавдугаар багцын хувьд суурь хучилтууд бүрэн дуусч, өнгө хучилт явж байна. 8 орчим км явчхаад байгаа. 408 км замд бүгдэд нь өнгө хучилт хийгдэх ёстой. Суурь хучилтын сүүлийн 204 км-ээс одоогийн байдлаар 32 км дутуу байна.
Хэрвээ дээрх 32 км-ийг ойрын хугацаанд хучаад дуусгавал Дархан-Улаанбаатар чиглэлийн 4 урсгалтай 408 км замын суурь хучилт бүрэн дуусна. Эхэлсэн ажил дуусахад тун бага хугацаа үлдэж байна.
Цаг агаарын саатал гарахгүй бол суурь хучилт ирэх есдүгээр сарын сүүлээр дуусна. Өнгө хучилтын ажил давхар явагдана” гэлээ.
ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛ 62.3 ХУВЬТАЙ БАЙНА
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн.
Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 94.13, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 74.75 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 94.39 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 66.5, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 90.90 хувийн гүйцэтгэлтэй 295 хүн, 129 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Тэгвэл Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтийн хийгдэж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 62.3 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Тодруулбал, нэгдүгээр багц 77.22 хувь, хоёрдугаар багц 57.15 хувь, гуравдугаар багц 57.34 хувь, дөрөвдүгээр багц 54.82 хувь тавдугаар багц 64.75 хувийн гүйцэтгэлтэй, 509 хүн, 245 техник, машин мехнизмтай ажиллаж байна.
Холбоотой мэдээ