Авлигын төлбөрийг татвар төлөгчдөөр төлүүлэх хотын даргын захирамжид иргэд бухимдаж байна. Сар гаруй баалуулсан хотын дарга харин "Aqua garden", "S.Outlet", "Шунхлай" ШТС-ын барилгыг буулгахаа мэдэгдэв. Гэхдээ "Бүхэл бүтэн хороо үерт автах тооцоолол гарч, үер ус, аадар борооны хэмжээ хоёр дахин нэмэгдэж байгаа энэ цаг үед иргэд ээ голын эрэг дээр баригдаж байгаа барилга орон сууцанд битгий орооч. Тэнд орохдоо 100 хувь мөнгөө төлсөн бол тэр хэмжээгээр хохирол амсана” гэж хээв нэг хэлэв. Зөвшөөрөлгүй барилга бариулдаггүй, зөвшөөрөл олгохдоо нийтийн эрх ашгийг, иргэдийн амьдралыг боддог бол анхнаас нь тэрхүү барилга баригдахгүй байлаа. Гэтэл энэ үгээрээ иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсаар байгаа төдийгүй “Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь эдгээр компаниудаар нөхөн төлүүлнэ” гэж хотын дарга Д.Сумъяабазар хэлэв.
Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвөөр тэдний авсан авлигын мөнгийг төлөх нь. Хотын даргын хэлснээр 1600 аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг бус “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг цуцлах яриад байна. Зүгээр л татварын мөнгөөр аж ахуйн нэгжийг дуугүй болгож албан тушаалтайгаа үлдэх гэсэн явуургүй арга. Учир дээрх гурван газар бүгд хууль ёсны зөвшөөрөлтэй. Тиймээс хууль ёсны зөвшөөрлөө цуцлуулснаас үүсэх хохирлоо төрөөс нэхэмжлэх нь гарцаагүй. Харин шүүхийн шийдвэр гарахаас өмнө хохирлыг нь төрөөс төлчихнө.
Чоно цатгалан, сүрэг тарган үлдэнэ гэсэн үг. Өдрөөс өдөрт амьдрал нь доройтож буй иргэдийн төлсөн татварын мөнгө сургууль, цэцэрлэг, дэд бүтэц барих, цагдаа, эмч, багш нарын цалинг тавихад ч биш авлигачдын учруулсан хохирлыг барагдуулахад зарцуулах гэнэ.
Усан парк барих зөвшөөрлийг нь орон сууцны хороолол болгосон хүн өөрөө болгосон тэр нь шүү дээ.
УРЬДЫН АДИЛ АСУУДЛААС ЗУГТАХ УУ?
Нийслэлээ нүүлгэх тухай өнөөдөр яриад эхлэв. Хубилай хаанаас эхлээд монголчууд нийслэлээ олонтаа нүүлгэж иржээ. Сүүлд нүүдлүүдийн шалтгааны талаар нэрт эрдэмтэн Б.Ринчений "Урьдын Да хүрээ, өнөөгийн Улаанбаатар" өгүүлэлдээ бичсэнээр, хөрс муудсан, зурхайч нарын төлөгт таагүй буусан гэхчилэн нүүх шалтгаан олон ч хамгийн сонирхолтой нь, Хятадын пүүсний данжаадуудад өрөндөө баригдахдаа бултах зорилгоор гэнэт нүүх тохиолдол ч байж. Үүнээс нь залхсан данжаадууд удаа дараа Бээжинд гомдол гаргах болж 1778 онд манж хааны зарлигаар хуучиндаа бууриндаа буюу өнөөгийн нийслэлд буй газартаа нэг мөр суурьшжээ. Өнөөдөр ч бид тэрхүү сэтгэхүйгээсээ салсангүй. Байр, цахилгааныхаа мөнгийг төлөөгүйгээс хөргөгчинд үлдээсэн хүнсээ муутгасан бурууг өөрөөсөө биш бусдаас хайж омогдсон хэвээрээ. СӨХ-ны мөнгөө өгдөггүй хэр нь цэвэлгээ, тохижилт хийхийг шаардаж төвчигнөсөн сэтгэгдлийг аль ч байрнаас олж болно. Хотыг хөгжүүлэх МАН-ын бодлого ч яг л ийм байдлаар хоноцын сэтгэлгээр хандаж, төлөвлөлтгүйгээр газрын наймааг гааруулсан. Үерийн далан дээр өөрсдөө сонгуулиар зөвшөөрөл олгочихдог нь үнэн төрх нь.
Ирээдүйд ирэх хор хохирлыг нь тооцоололгүйгээр хар зөнд нь хаясан бүтээн байгуулалт, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлаасаа болоод эдийн засаг, эрүүл мэндийн хувьд хамгийн аюултай хотыг тэд бий болгов. Одоо харин цаг хугацаанд бурууг өгч байна.
Тэрхүү цаг хугацаанд нь нам нь эрх барьж байсныг хоосон цаас шиг иргэд мэдэхгүй гэж бодоод байх шиг. Өнөөдөр авлигын хороолол нь ч, голын голидрол өөрчилсөн гээд байгаа аж ахуйн нэгжид ч албан ёсны зөвшөөрөл өөрсдөө олгочихсон. Хууль зөрчсөн тэрхүү шийдвэрийг албан тушаалтнууд л олгосноос аж ахуйн нэгжүүд буу тулгаад гарын үсэг зуруулаагүй. Энэ тоолонд авлигын мөнгө байсан нь ч ойлгомжтой. Бид асуудлаас зугтаж, амьдрал ахуйгаа хүртэл төрөөр шийдүүлэх гэж бүхнийг “төр шийдээч” гэж ирсэний гай өнөөдөр ийнхүү гарчээ. Тэд бидний асуудлаар авлигажиж, албан тушаал ахиж, амьдралаа өөд нь татсаар иржээ. Одоо тэгээд бүгдээрээ асуудлаасаа зугтаад нүүх үү, тэднээс хариуцлага нэхэж, нэг мөсөн асуудлаа шийдэх үү?
БИДНИЙ АСУУДАЛ ЭРХ БАРИГЧИД БОЛОВ
Төрд банк байвал эрх мэдэлтнүүд яаж тонодог жишээг Хөгжлийн банкны хэрэг харуулав. Төрд компани байвал ямар ч ашиггүй ажилладаг бөгөөд түүнд ажиллагсдын цалин, элдэв хангамж, шахаа, тансаглалд татварын мөнгийг зарцуулдаг агаад зээл тавиад ч хамаагүй хөрөнгийг нь нэмэгдүүлдэг жишээг Монголын төрийн өмчит 105 компанийн тайлангаас харж болно. Төрд нүүрсний орд байвал түүнээс вагон вагоноор л хулгай хийнэ. Энэ бүхнийг гүйцэлдүүлэхийн тулд эрх баригчид дур зоргоороо хуульд гар дүрдэг бөгөөд үүнийг давхар дээл өмсөхийн тулд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс эхлээд үй олон хууль бэлхнээ харуулна.
Монголын №1 асуудал төр болов. Агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрэхэд төр түүгээр сайхан далимдуулна. Төсвийн мөнгийг зуух, шахмал түлш, элдэв яндан хөөлөхөд хүртэл зарцуулна. Өнөөдөр өөрсдөө нүүрс экспортлодог улсаасаа авч утаа гаргах тухай яриад сууж байна.
Энэ бизнесийнх нь балгаар хэдэн мянган жил гал түлсэн нүүдэлчид хэдэн арваараа угаартаж үхэхдээ ч өөрсдийнх нь буруу болсон. Хэдэн зуун мянгаараа эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч, уушиг, зүрхний хагалгаанд орж буйг тооцоо өнөөдөр алга. Тавхан минут бороо ороход л хот живэх шахаж, жорлонтойгоо холилдон урсаж, түүнээс нь хордон эмнэлэгт хүргэгдэн, эд хөрөнгөөрөөрөө хохиров. Гэтэл хариуцлага хүлээх ёстой этгээдүүд өнгөрсөн 30 жил рүү бурууг чихээд сууж байна. Цаг хугацаа руу шүү дээ. Тэрхүү цаг хугацаанд хэн эрх мэдэлтэйгээр эзэгнэж байв…
Улаанбаатарыг өнгөрсөн 99 жилийн хугацаанд 34 хүн удирдсанаас Ж.Наранцацралт /1 жил/, Э.Бат-Үүл /4 жил/ хоёрыг хасвал 94 жилд нь МАН-ын 32 нөхөр удирджээ. МАН-ын баримталсан буруу бодлого, газрын наймаа, авлигын үр дүнд энэ бүхэн бий болсон. Тэгэхээр буруутанг ольё гэвэл энэ нам л улс төрийн хариуцлага хүлээх ёстой.
Тэднийг хуулиар далайлган дээрэм тонуул хийсээр байхад сонгосоор ирсэн иргэд ч энэ хотын өмнө нүгэлтэй. Мэдээж иргэд хулгайл, тоно, сүйтгэ, сүйрүүл гэж сонгоогүй нь лав. Аз жаргалтай Улаанбаатарт амьдрах гэснээс биш аюултай, гамшгийн хөндийг үхэхийг хүсээгүй. Байн байсаар авлигынх нь мөнгийг төлөхийн тулд бид татвар төлдөг болох уу?
Холбоотой мэдээ