Хятадаас ОХУ-д нисдэг тэрэг, дрон болон бусад чухал түүхий эдийг нийлүүлсэн гэдгийг "The Telegraph" хуудас мэдээллээ. Дайн эхэлснээс хойш төвийг сахиж, Орост зэвсэгт нийлүүлэхээс татгалзсан гэж Хятад улс баталсаар байгаа билээ. Гэвч "The Telegraph"-ын тайланд дурдсанаар, Хятад улс хэдэн арван мянгаар тоологдох цэргийн техник төхөөрөмж нийлүүлжээ. Энэ онд хоёр улсын худалдааны хэмжээ 200 тэрбум ам.доллар хүрсэн байна.
Хятадын нийлүүлэлт Украин дахь дайнаас ч өмнө эхэлсэн гэв. Тодруулбал, Хятадын тоглоом үйлдвэрлэгч "Шантоу Хонху Пластикс" компани дайнаас хоёр сарын өмнө ОХУ-ын Самсон фирмд 1000 дрон нийлүүлжээ. Улмаар дайн эхлэхтэй зэрэгцээд Хятадын "Хемс 999", "Тианжин Хуарон" авиа компаниуд ОХУ руу нисдэг тэрэгнүүд илгээсэн байна. Мөн Оросын 50 гаруй компани Хятадаас оптик төхөөрөмж хүлээж авсан. Эдгээрийн олонх нь "Yiwu Wojie Optics Instrument" компаниас ан агнуурын хэрэгсэл гэсэн нэрийн дор ирсэн боловч цэргийн зориулалтаар хялбархан ашиглаж болдог аж. Зэвсэг үйлдвэрлэл, тэр дундаа нисэх онгоц үйлдвэрлэлд ашиглаж болох титан хайлш, магнийн хайлш зэрэг түүхий эдийг ч мөн Орост нийлүүлжээ.
Энэ мэтчилэн үхэлд хүргэх аюулгүй ч цэрэг армид шаардлагатай эд зүйлсийг Хятадаас ОХУ-д нийлүүлсэн гэж үзэж байна. Иргэний энгийн хэрэглээнийх ч байж болох зүйлсийг нийлүүлснээрээ Хятад улс сөргөлдөөнөөс зайлсхийж, барууныхныг аргагүй байдалд хүргэжээ.
Гаалийн бүртгэлээс эш татан "Politico" хуудаснаа мэдээлснээр ОХУ нь Хятадын компанид сум нэвтэрдэггүй хантааз, дуулганы захиалгыг олон мянгаар нь өгсөн байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ