Хятадад сүүлийн жилүүдэд нас барагсдаа чандарлах нь түгээмэл болсон ч уламжлалт оршуулгын зан үйл чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Улам хотжиж, насжилт, хүн амын тоо нь ихэсч буй тус улсад оршуулгын газар ховордож, үнэ нь ч нэмэгджээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд хятадууд дижитал оршуулгыг санаачилсан байна. 2035 он гэхэд тэд нийтийн оршуулгын газрын талбайг 70 хувиар бууруулахаар төлөвлөжээ.
Тэгвэл дижитал оршуулга гэж юу вэ? Бээжингийн Тайзию оршуулгын газарт хаалган дээрээ нас барагсдын зураг, бичлэгийг дижитал хэлбэрээр гаргадаг чандар хадгалах тасалгаанууд байдаг. Энэ он гарсаар ийм төрлийн дижитал оршуулгын талбай 500 гаруй зарагджээ. Мөн Бээжинд талийгаачийн чандрыг бус зөвхөн QR код бүхий дурсгалын самбарыг гэр бүлийнхэнд нь гардуулан өгдөг ногоон оршуулгын хөтөлбөр хэрэгжиж байна. Засгийн газраас гэр бүлүүдийг нас барагсдынхаа чандрыг далайд цацахыг дэмжих санаачлагуудыг ч ивээн тэтгэжээ.
Бээжингээс гадна Шанхай хотод саяхан нээгдсэн Фу Шоу Юань нэртэй дижитал оршуулгын газар ч олны анхаарлыг татаад байна. "Үүлэн дээрх диваажин" гэх уг төслөөр дамжуулж хайртай хүмүүсийнхээ зураг, дижитал хөрөнгө, дууны файлуудаар виртуал арал бүтээх боломжтой.
Энэ мэт дижитал оршуулга нь мөнгө, орон зайг хэмнэнэ. Хятадад энгийн оршуулах ёслолын зардал 5400 орчим ам.доллар болдог бөгөөд хүмүүс жилийн дундаж цалингийнхаа 45 орчим хувийг үүнд зарцуулдаг. Харин нийслэл Бээжин хотын хувьд дунджаас арай илүү өртөгтэй. Тодруулбал, Бээжингийн Тайзию оршуулгын газарт дижитал оршуулга хийх нь 7700 гаруй ам.долларын өртөгтэй. Энэ нь уламжлалт байдлаар гадаа оршуулах зардлын гуравны нэгтэй тэнцэх ажээ. Мөн дижитал оршуулга нь орон зай хэмнэнэ. 65 м2 талбай бүхий дижитал оршуулгын газарт 150 гаруй талбай байршуулах боломжтой. Гэтэл ийм хэмжээтэй газарт уламжлалт булш ердөө зургаа л багтана гэж "Bloomberg" мэдээллээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ