"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг анх удаа Монголд зохион байгуулж буй. Монголын багийн анхны алтан медалийг жүдо бөхийн тэмцээний охидын 44 килограммийн жинд "Мон-Алтиус" ахлах сургуулийн сурагч Тогтбаатарын Отгонжаргал хүртсэн юм. Тэрбээр шигшээ барилдаанд Тайванийн Хуан Вень Итэй цаг сунган өрсөлдөж, торгуулиар ялсан. Т.Отгонжаргал нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын уугуул, дархад охин. Тэрбээр 2020 оны самбо бөхийн өсвөр үeийн Улсын Аварга шалгаруулах 37 дугаар тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан мeдаль хүртсэн амжилтыг үзүүлж байжээ.
ТҮҮНИЙГ ТӨРСӨН ЭГЧ НЬ СПОРТОД ХӨТӨЛЖЭЭ
Тэрбээр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд төрж өссөн. Эцэг эхээс тавуулаа бөгөөд айлын дунд охин. Есөн настайгаасаа жүдо, самбо бөхөөр хичээллэж эхэлсэн түүнд эгч нь их нөлөөлсөн гэнэ. Учир нь спортоор хичээллэж, чамлахааргүй амжилт гаргасан эгчийгээ хараад их урам зориг авсан тухайгаа Т.Отгонжаргал ярьсан юм. Тэрбээр "Эгч бид хоёр дөрвөн насны зөрүүтэй. Эгч маань миний багш гэж хэлэхэд болно. Дүүгээ хурцална, хамт бэлтгэл хийнэ. Бүхий л цаг үед надтай хамт байж, өдий амжилт гаргахад минь их нөлөөлсөн" гэдгийг хэлж байв.
Түүний эгчийг Т.Даваажаргал гэдэг. Эгч нь сумандаа самбо бөхийн Азийн аваргын алтан медалийг авч ирсэн бол энэ удаа дүү нь жүдо бөхийн Азийн аваргын алтан медалийг энгэрээ зүүлээ.
Ийнхүү төрсөн эгч дүүс энгэртээ хос алтан медаль гялалзуулж, нутаг усны ахан дүүсээ баярлуулав. Тэд хэдий дөрвөн насны зөрүүтэй ч царай төрх адилхан учраас хүмүүс их андуурдаг аж. Эгч нь одоо сумандаа ажиллаж, амьдарч байгаа аж.
"ОДОО ХОТОД ДАСЧ, ЦАГАА САЙН ТӨЛӨВЛӨДӨГ БОЛСОН"
Т.Отгонжаргал одоо "Мон-Алтиус" ахлах сургуульд суралцдаг. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын шавь. Энэ жил 12 дугаар ангид суралцана. "Жүдо бөх бол хүндлэл ёс суртахууны спорт. Хожсон ч хожигдсон ч өрсөлдөгчийнхөө өөдөөс толгой мэхийн ёсолж, дэвжээнээс буудаг нь надад таалагддаг" хэмээн Т.Отгонжаргал ярилаа.
Тэрбээр өмнө нь хотод жүдо бөхийн УАШТ-ээр ирж байжээ.
Замаар сүлжилдэх машинууд, хотын дуу чимээ, түгжрэл түүнд их л сонин санагдаж байсан тухайгаа ярьсан юм. Тэрбээр "Сумын амьдрал амар амгалан тайван байдаг. Хотод замын түгжрэлээс эхлээд стресс ихтэй юм. Анх хотын замын түгжрэлийг сайн мэдэхгүй, бэлтгэлээсээ хоцордог байсан. Одоо дасаад цагаа сайн төлөвлөдөг болсон" гэлээ.
"ДАШТ-ДЭЭ АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД НУТАГТАА ОЧНО"
"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын Монголын багийн анхны алтан медалийг жүдо бөхийн тэмцээний охидын 44 килограммийн жинд "Мон-Алтиус" ахлах сургуулийн сурагч Т.Отгонжаргал хүртсэн юм. Тэрбээр шигшээ барилдаанд Тайванийн Хуан Вень Итэй цаг сунган өрсөлдөж, торгуулиар ялсан. Тэрбээр барилдааныхаа тухай ярихдаа "Бэлтгэлээ маш сайн базаасан ч тэмцээн дээр арай тааруухан барилдсан. Гэхдээ л алт авна гэж бодож байснаараа авч чадлаа. Өрсөлдөгч маань их бяртай байсан" гэв.
Тэрбээр одоо ДАШТ-ий бэлтгэлдээ орсон. Учир нь жүдо бөхийн өсвөрийн ДАШТ наймдугаар сарын 22-27 өдрүүдэд Хорват улсын Загреб хотноо зохион байгуулна.
Тэр одоогийн амжилтдаа сэтгэл ханалгүйгээр дэлхийн аварга болох том зорилгыг өмнөө тавиад буй. "Аав, ээж маань бидний төлөө бүхнээ зориулан дэмжиж ирсэн. Тиймээс надад ухрах эрх байхгүй" гэдгийг Т.Отгонжаргал хэлж байв. Аав, ээжийгээ баярлуулж, ДАШТ-дээ амжилттай оролцчихоод нутагтаа очно гэв. Түүний ирээдүйн зорилго, мөрөөдөл нь Монголын олимпийн медальтай анхны эмэгтэй тамирчин болох. Энэ амжилтад хүрэхийн тулд өөрийгөө бүрэн дайчилж, хичээх болно гэлээ.
"СУМЫН ХҮҮХДҮҮД ЧӨЛӨӨТ ЦАГАА СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ ӨНГӨРҮҮЛДЭГ"
Тэрбээр жүдо бөхөөр хичээллэхээс гадна сагсан бөмбөг, волейбол тоглох дуртай. Хөдөө гэртээ байхдаа юу хийдэг тухайн сонирхвол "Сумын хүүхдүүд хичээлээ тарчихаад, сагс, волейбол тоглодог. Зуны улиралд айлууд зусланд гарахаар хүүхдүүд чөлөөт цагаа амьд харилцаатай, спортоор хичээллэж өнгөрүүлдэг. Хичээл амрахаар ээжийгээ амрааж, үхрээ саана. Өдөр нь тугалаа харж, зав зайгаар нь усанд шумбадаг" гэлээ.
Аав С.Тогтбаатар нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумынх, ээж Б.Алтанцэцэг нь Цагааннуур сумын уугуул.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сум Хүнхэр тайга, Жошмын нуур, Цэцэгт нуур, баруун зүүн тайга зэрэг байгалийн үзэсгэлэнт газар олон. Т.Отгонжаргал гэр бүлээрээ аялж, газар үзэх дуртайгаа ярилаа. Тэрбээр "Аав, ээж маань миний барилдааныг үзэж, их дэмждэг. Заримдаа ирж үзэж чадахгүй үедээ "Бичлэг хийгээд явуулаарай" гэж захидаг" гэсэн юм. Сүүлд аав, ээж нь Зүүн Азийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг нь үзэхээр ирж чадаагүй ч зурагтаар үзэж, "Миний охин тэвчээртэй, сайн барилдсан" гэж урам өгчээ.
"БЭРТЭЖ ГЭМТСЭН Ч ШАНТРАЛГҮЙ УЛАМ САЙН БЭЛТГЭЛЭЭ ХИЙМЭЭР САНАГДСАН"
Тамирчны хамгийн том дайсан болох бэртэл, гэмтэл түүнийг ч бас тойроогүй. Тэрбээр 2018 онд өвдөг, тохойгоо гэмтээж байсан ч шантралгүй, улам бэлтгэлээ хиймээр санагдаж байсан гэдгийг хэлж байв. Тэрбээр "Үе тэнгийн найзууд маань аливаа зүйлийг болох бүтэх талаас нь харж, хэцүү байсан ч тэвчээр гарган хичээгээрэй" гэж захив. Спортоор хичээллэхийн давуу тал нь хүнийг сэтгэлийн хатуужилтай, тэвчээртэй болгодог.
Хамгийн чухал нь өөрөө сонирхолтой л бол амжилт гаргаж чадна гэсэн юм.
Т.Отгонжаргал Японы жүдо бөхийн Абэ Үта тамирчинг шүтэн биширдэг. Түүний сөхөрч үүрээ хийх мэхийг хийх дуртай гэнэ. Тэрбээр намайг хурцалж, дэмжиж байдаг гэр бүлийнхэндээ, багш, дасгалжуулагч нартаа талархаж явдгаа илэрхийлсэн юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ