Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Он гарсаар эхний долоон сарын эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна. Өнгөрөгч сард инфляц 9.2 хувьд хүрч буурсан. Үүнд юу нөлөөлөв?
-Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь түүхий эдийн экспорт байна. Нэг талаас сүүлийн хоёр жил түүхий эдийн экспортын хэмжээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Энэ оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 34 сая тоннд хүрч, 4.9 тэрбум ам.долларын орлого оллоо. Энэ бол өнгөрсөн оны мөн үеэс нэлээд өссөн үзүүлэлт. Үүнээс улбаалж төсвийн орлогын биелэлт сайн, төлөвлөж байснаас өндөр байна. Энэ бол эерэг тал. Гэхдээ… Албан ёсны тоон мэдээ гаргадаг судалгааны байгууллагууд, банкууд эерэг, сөрөг тал, болгоомжлох асуудал нь юу байгаа талаар анализ хийдэг. Өнгөрөгч 2021 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 70 хувийг гурван нэр төрлийн түүхий эд, нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр эзэлж байсан. Өөрөөр хэлбэл нийт экспортын орлого 10 тэрбум ам.доллар байхад түүний долоон тэрбум ам.долларыг нь дээр дурдсан гурван төрлийн бүтээгдэхүүнээс олсон гэсэн үг л дээ. Гэтэл энэ бүтэц алдагдаж байна.
-Энэ бүтэц алдагдаж байна гэхээр экспортод гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрөл багассан гэж ойлгож болох уу?
-Монгол Улс дунд болон урт хугацаандаа эдийн засгаа төрөлжүүлэх, солонгоруулах зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбараас хамаарах хамаарлаа бууруулж, боловсруулах аж үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбараа төрөлжүүлэх, хөгжүүлэх зорилт тавьсан. Гэтэл бодит байдал дээр гадаад худалдааны үзүүлэлт дээр болгоомжлууштай тал нь нэгдүгээрт, уул уурхайн салбараас хамаарах хамаарал улам өндөр болж байна.
Энэ оны долдугаар сарын байдлаар нийт экспортын 94-95 хувь нь уул уурхайн салбараас хамааралтай байна. Хөгжүүлэх гээд байгаа уул уурхайн бус салбараас гаргаж байгаа экспортын хэмжээ ердөө 4-5 хувь байна.
Учир нь уул уурхайн салбар тэр дундаа нүүрсний экспорт 500 саяаас 1 тэрбум ам.доллараар хэмжигдэж байхад бусад салбарын өсөлт 50-100 сая ам.доллароор буюу маш бага хурдтай өсч байна. Энэ бол Монгол Улсын эдийн засгаа солонгоруулах зорилттой биелэхгүй байгаагийн нэг том илрэл.
Хоёрдугаарт, өмнөх жил гурван төрлийн түүхий эдээс нийт экспортын 70 хувь нь бүрдэж байсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар зөвхөн нүүрс, зэсийн баяжмалаас нийт экспортын 75 хувь нь бүрдэж байгаа нь асуудал улам хүндэрснийг илтгэж байна.
Бас нэг болгоомжлох зүйл бол энэ оны эхний долоон сарын дотор ганц өссөн үзүүлэлт байгаа нь нүүрсний экспорт. Зэсийн баяжмалын хувьд хоёрхон үйлдвэрээс гарч байгаа учраас хэмжээний хувьд савлагаа бага. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсон хэдий боловч аажмаар олборлолт нь нэмэгдэнэ. Эхний долоон сарын байдлаар зэсийн баяжмалын экспорт нэг сая тонн руу дөхөж байна. Энэ бүхнээс харахад Монгол Улсын экспортын тоо мэдээг савлуулж байгаа ганц үзүүлэлт нь нүүрс л байна.
-Нүүрсний экспорт нэмэгдэхийн хэрээр орлого өсч цалин, тэтгэврийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэж зарим иргэн ойлгодог. Тэгвэл нүүрсний экспорт нэмэгдэж, экспортод савлагаа үүсгэж байгаа үйл явцаас яагаад болгоомжлох ёстой гэж?
-Одоогийн байдлаар 34 сая тонн нүүрс экспортолчихсон байна. Магадгүй оны сүүл хүртэл урд хөршийн хэрэгцээ сайн байвал 40 сая тонн нүүрс экспортоллоо гэж бодъё. Гэтэл ирэх онд 40 сая тонн нүүрс экспортолж чадах эсэх нь эргэлзээтэй. Монгол Улсын нүүрсний экспорт ганцхан улс буюу БНХАУ-ын зах зээл, эрэлтээс шууд хамаардаг. Тиймээс биет хэмжээний хувьд тухайн улсаас шууд хамаарна. Хоёрдугаарт, бидний тавьсан дэд бүтцийн зорилтууд хэрэгжээгүй байна. Тухайлбал, гурван чиглэлд төмөр зам тавьснаас хоёр нь ашиглалтад ороогүй байна.
Хамгийн сүүлд ажил нь эхэлсэн Шивээ хүрэн-Нарийн сухайт чиглэлийн буюу 40 гаруй километр төмөр зам энэ онд ашиглалтад орохоор байна. Уг төмөр замын нөгөө хоёр төмөр замаас давуу тал нь нарийн царигтай учраас ирэх оноос тээвэрлэлтээ эхлүүлж болзошгүй. Тиймээс эдийн засаг өсөх нь сайн боловч цаашдаа эдийн засгийг хэт явцуу болгож байна. Түүнчлэн ганцхан түүхий эдийн өсөлт бууралт нөлөөлж байгаа учраас ирэх онд биет хэмжээ болоод үнийн хувьд савлах өндөр магадлалтай.
Өнгөрсөн жилүүдэд нүүрсний экспортын савлагаа нэг тэрбум ам.долларт хүрсэн. Нүүрсний үнэ өсөх тусам энэ савлагаа өндөр болно. Ирэх онд бараг хоёр тэрбум ам долларт ч хүрэх магадлалтай.
-БНХАУ-ын нүүрсний хэрэгцээ ирэх онуудад буурвал Монголын эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого дагаад савах нь зүйн хэрэг байх л даа?
-БНХАУ-ын нүүрсний зах зээлд ОХУ-аас нийлж байгаа нүүрсний хэмжээ хурдацтай өсч байгаа учраас тааруугаар төсөөлөхөд 2024-2025 онд Монгол Улсын нүүрсний экспорт хоёр тэрбум ам.доллароор буурах эрсдэл байна. Нөгөө талаар оны эхний хагас жилд гадаад худалдаа төсвийн орлого тал эерэг үзүүлэлттэй байгаа боловч иргэдэд үзүүлэх нөлөө, бодит орлого, цалин хөлс, ядуурал, ажилгүйдлийн хэмжээ одоогоор буураагүй байна.
Инфляц дөнгөж нэг оронтой тоонд шилжиж байна. Цаашид инфляц нэг оронтой тоондоо хэр удаан байх, буурах эсэх нь Засгийн газраас буюу төсвийн бодлогоос өндөр хамааралтай байна. Гэтэл хагас жилийн байдлаар Засгийн газар УИХ-д төсөвт тодотгол хийж 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн шалтгаанаа танилцуулахдаа “Эхний олдсон боломжоо ашиглаад төсөвт тодотгол хийж цалин, тэтгэвэр нэмлээ” гэж мэдэгдсэн. Энэ нэмэгдэл ирэх 2024 оны төсөвт дөрөв болон түүнээс дээш их наяд төгрөг болж орж ирнэ. Нэг ёсондоо ирэх оны төсвийн зарлага маш хүчтэй нэмэгдэнэ.
Энэ оны төсвийн төлөвлөсөн зарлага 18 их наяд төгрөг. Зөвхөн цалин тэтгэврийн дөрвөн их наядыг нэмэхэд 22 тэрбум. Дээр нь хөрөнгө оруулалтын болоод бусад зардлыг нэмэхээр 2024 оны төсөв 23-24 тэрбум төгрөг болох нь. Мөн 2024 он сонгуулийн жил гэдгийг мартаж болохгүй.
Төсвийн зарлага ингэж өсөх нь мөнгөний бодлого талдаа маш муу дохио. Засгийн газрын худалдан авалт эрс нэмэгдэж байна. Үүн дотроо иргэдийн гар дээр очих цалин, тэтгэврийн хэмжээ өсч байгаа учраас инфляцийг дахин өсгөх шалтгаан бүрдэж байна. Тиймээс нэгэнт цалин, тэтгэврээ нэмэгдүүлсэн юм бол ирэх хавар нийлүүлэгдэх импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүнийхээ тасалдалгүй байх тал дээр арга хэмжээ авахгүй бол инфляцыг хоёр оронтой тоо руу өдөөх суурь нөхцөл бүрдэж байна.
-Ирэх оны төсвийг есдүгээр сараас эхэлж хэлэлцэх шийдвэр гарсан. Сонгууль угтсан жилийн төсвийг баталах үед зайлшгүй анхаарах зүйл юу байх вэ?
-Монгол Улсын гадаад худалдаа экспортын 92 хувь нь БНХАУ-аас хамаарч байна. Монгол руу валют оруулдаг ганц улс Хятад. Импорт талдаа түлш, шатахуун, бордоо гэх мэт 40 гаруй хувь нь ОХУ-аас хамаарч байна. Хоёр хөрш гадаад худалдаанд маш өндөр хувь эзэлж байгаа учраас энэ хоёр улстай хийх худалдаа Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь тодорхойлж байна. Монгол Улсын экспортын 90 гаруй хувь нь түүхий эд. Хүнд овор хэмжээ их. Нүүрс 40 сая тонн, цаана нь төмрийн хүдэр, зэсийг оролцуулаад 50 гаруй сая тонн ачааг ачиж гаргаж байж тэндээсээ орлого олж байна. Ийм нөхцөлд урд хөрш худалдан авалтаа бууруулахад бидэнд өөр сонголт байхгүй болно. Нүүрс, төмрийн хүдэр, зэс, жоншоо БНХАУ-аас өөр зах зээлд хүргэх дэд бүтэц байхгүй. Бусад улс оронд Монголоос худалдан авах хэрэгцээ ч байхгүй. Бид ямар нэгэн аргаар далайгаар тээвэрлээд хүргэсэн ч бусад улс орноос 2-3 дахин өндөр үнээр очно. Тиймээс зах зээлээс өндөр үнэтэй бүтээгдэхүүн хэн ч авахгүй.
Өөрөөр хэлбэл бид өрсөлдөх чадваргүй түүхий эд худалдаж байна. Яг энэ нөхцөл байдал 2024, 2025 онуудад хэвээр байгаа гэдгийг төсөв батлах үед мартаж болохгүй. Өрсөлдөх чадвараа сайжруулж чадаагүй байна.
-БНХАУ-ын эдийн засгийн чадамж, өсөлт Монголын эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг. Энэ утгаараа ирэх жилүүдэд өөрийн орны эдийн засагт санаа зовохоос гадна БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтийг анхаарч төсвөө батлах нь илүү бодиттой санагдаж байна?
-Олон улсын байгууллагууд болоод БНХАУ-ын удирдлагууд сүүлийн хагас жил тус улсын эдийн засгийн өсөлт удааширч байгааг хэлж байна. БНХАУ ковидын дараах эдийн засгийн өсөлтөө хурдасгахаар төлөвлөсөн боловч энэ оны эхний хагас жилийн байдлаар 5-5.5 хувийн өсөлттэй байна. Өнгөрөгч долдугаар сарын дундуур БНХАУ-ын Төв хорооны АИХ-ын төлөөлөгчдийн хурал болж эдийн засгаа эрчимжүүлэх бодлогыг дахин баталлаа. Тэр дундаа хувийн хэвшлээ хэрхэн дэмжих талаар бодлого баталлаа. Энэ нь олон талын шалтгаантай.
"CNN" агентлагийн тоймчдын хэлж байгаагаар гурван шалтгааныг дурдаж байна. Нэгдүгээрт, Хятадын үл хөдлөх салбарт өмнө нь байсан хүндрэл бэрхшээлүүд хэвээр байна. Маш их хэмжээний үл хөдлөх барьсан боловч тэр нь борлогдохгүй байна. Хоёрдугаарт, худалдан авагчийн итгэл сэргэхгүй байна. Гуравдугаарт, олон жил яригдаж байгаа тус улсын өрийн асуудал хэвээр байна гэдгийг хэлж байна. Тиймээс олон улсын байгууллагууд тал талаас нь ажиглаад тус улсын эдийн засаг сүүлийн 20 жил өрнөсөн эрчтэй өсөлт нь алдагдсан хэмээн тодорхойлж байна. Үүнд нөлөөлсөн бас нэг гол хүчин зүйл нь Орос-Укрианы дайн. Уг дайнаас үүдэн улс орнууд бие биедээ эдийн засгийн хориг тогтоож, гадаад худалдаагаа хэсэгчлээд байна. Үүнээс улбаалж АНУ, Хятадын харилцааны асуудал хөндөгдөж байна. Тус хоёр улсын хооронд өндөр технологийн буюу зарим судлаачдын тодорхойлолтоор технологийн дайн болж байна.
-Тухайлбал ямар, ямар салбарт худалдааны хориг тогтоосон байгаа вэ?
-АНУ-ын зүгээс сүүлийн хоёр жил удаа дараа БНХАУ-д өндөр технологи нийлүүлэхгүй байх хориг тогтоолоо. Ерөнхийлөгчийн зарлиг гаргасан. Хамгийн сүүлд зургаадугаар сарын сүүлээр Хятадад өндөр технологийн хагас дамжуулагч үйлдвэрлэхэд шаардлагатай бүтээгдэхүүнүүд нийлүүлэхгүй. Мөн энэ салбарт ажиллаж байгаа АНУ-ын компаниуд Хятад улсад хөрөнгө оруулалт хийж болохгүй зэрэг удаа дараа хориг тавьсан. Энэ нь ирэх жилүүдэд АНУ-г гүйцэж магадгүй гэж таамаглаж байсан Хятадын эдийн засаг агших, өсөлтийг нь сааруулах бас нэг томоохон хүчин зүйл болж байна. Энэ мэтчилэн Хятадын эдийн засагт олон асуудал тулгарч байна. Эхний хагас жилийн БНХАУ-ын статистик тэр дундаа бидэнд хамгийн их хамаатай мэдээллийг үзэхээр тус улсын гангийн худалдаа буурсан байна.
Хятад улс жилдээ 500-600 сая тонн ган үйлдвэрлэсэн байна. Үүний 40 орчим хувийг нь дотооддоо хэрэглэж байна. Үлдсэн 60 орчим хувийг гадаадад худалдаалдаг.
Гадаадад худалддаг 60 орчим хувийн хамгийн том худалдан авагч нь Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос, Тайван, АНУ байдаг. Гэтэл худалдааны зөрчил, дайн гэх мэт олон асуудлаас хамаараад худалдан авагч талууд нь эдийн засгийн хүндрэлтэй, эдийн засаг нь саарсан байна. Өмнөд Солонгосын эдийн засаг эхний хагас жилд дөнгөж 1.5 хувийн өсөлттэй байна. Өөрөөр хэлбэл Хятадын гангийн хэрэгцээ өсөхгүй байна. Үйлдвэрлэл нь өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнд байна. Энэ байдал Монголын түүхийн эдийн экспортод шууд нөлөөлнө. Монгол Улсаас авч байгаа төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлтийг өсгөдөг зүйл нь Хятадын гангийн үйлдвэрлэл. Тийм учраас гангийн үйлдвэрлэл өсөөгүй байхад манай улсаас авах коксжих нүүрсний цаашдын эрэлт удаан байна. Энэ мэтчилэн бодит эрсдэлүүд байгаа учраас 2024 оны төсвийг зөвхөн өөдрөгөөр төсөөлөх боломжгүй. Энэ жил нүүрсний экспорт 40 сая тонн хүрсэн юм чинь дараа жил 50 сая тонн болгоё гэж мөрөөдлийн тоо тавьж болохгүй. Мөрөөдлийн тоо тавьсан байлаа ч энэ олон нөхцөл хэвээр байхад биелэх боломжгүй.
Холбоотой мэдээ