Хан-Уул дүүрэг Зайсан толгойн тойргийг 10 гаруй хоног хааж, хуучин зам асфальтыг хуулж, шинээр зам хийсэн. Гэвч шинэ замыг нээгээд тав хоноод байхад инженерийн шугам задарч, бүрэн хуулахаас өөр аргагүйд хүрчээ. Тодруулбал, ашиглалтад оруулаад байсан замыг зайлшгүй шалтгаанаар өнгөрсөн Баасан гаригаас хуулж эхэлсэн байна.
Тус замын ажлыг гүйцэтгэгч "Мегатитан" ХХК-тай холбогдоход "шинэ замыг эргүүлэн хуулсан талаар өнөөдөр /2023.08.21/ нэгдсэн мэдээлэл өгнө. Чанаргүй зам барьж хуулсан гэдэг худал мэдээлэл" гэх хариултыг өглөө.
"Мегатитан" ХХК нь Зайсангийн тойргийг хааж нийт 800 метр урт зам дээр асфальт хийсэн байна. Тус ажил нь 1,2 тэрбумын хөрөнгөөр хийгдсэн бөгөөд дахин гарах зардлыг хэрхэх эсэх тал дээр мөн өнөөдөр тайлбар өгөх аж.
Нэг километр асфальтан замыг 1,5 тэрбумаар хийдэг бөгөөд замыг хийх явцад болон хийсний дараа комиссынхон шалгаж хүлээж авдаг байна. Мөн зураг төслийн дагуу ажил эхлэхээс өмнө шугам сүлжээ зэрэг байгаа тохиолдолд замыг хэрхэн шийдэх талаар инженерүүд хэлэлцдэг аж. Харин тус замын ажил дээр аль шатандаа ямар алдаа гарсан нь одоогоор тодорхойгүй байна.
Гурван сарын хугацаанд гурван ч удаа хуулж, тавьж буй замын ажил нь иргэдэд төдийгүй тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид ч хүндрэл учруулж буй юм. Хэрэв мэргэжлийн хүмүүс стандартын дагуу тус замыг тавьсан бол ийм асуудал үүсэхгүй байсан гэдгийг ч иргэд цахим хуудастаа бичиж байна. Зам гүүр, барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор ачаа, тээврийн хүнд даацын машины эрчим Зайсан чиглэлд эрс нэмэгддэг. Үүний улмаас Зайсан тойруугийн зүүн талд замын эвдрэл гарч, нийслэлийн Замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд засахаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас ажиллаж эхэлсэн. Улмаар цаашид Зайсан тойруугийн чиглэлд зам засвар, арчлалтын ажлыг үргэлжлүүлэн хийхийг мэдэгдсэн билээ.
СҮҮЛИЙН 4 ЖИЛ ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ, ЗАСВАРЛАХ АЖЛЫГ ТЕНДЕРЭЭР ГҮЙЦЭТГЭЖЭЭ
"Мегатитан" ХХК нь 2019 оны наймдугаар сард замын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд сүүлийн дөрвөн жил буюу 2020 оноос хойш төрийн худалдан авах ажиллагааны цахим хаягт бүртгэгдэж, тендер шалгаруулалтад оролцож ирсэн бөгөөд гүйцэтгэлийн хувьд алдаатай ажил хийж байсан удаагүй байна. Төрийн худалдан авах ажиллагаанд шалгарч, гүйцэтгэсэн ажлуудаас дурдвал:
- 2020 оны дөрөвдүгээр сарын 17. Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 18 дугаар хороо, Гүнжийн аманд тоосжилтыг бууруулж, шавар шалбаагийг арилгах дайрган хучилт хийх 58 сая төгрөгийн тендерийн ажил,
- 2020 оны тавдугаар сарын 18. Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дүүргийн 7, 10 дугаар хороодод авто замын засвар, шинэчлэлт, нөхөөс болон бусад замын байгууламж хийх 258 сая төгрөгийн тендерийн ажил,
- 2021 оны зургадугаар сарын 4. Замын хөгжлийн газраас зарласан орон сууцны хороолол доторх авто замын засвар /ХУД/ 272 сая төгрөгийн ажил,
- 2021 оны долдугаар сарын 20. Чулуун авто зам тавих /СХД, 30 дугаар хороо/ 77 сая төгрөгийн тендерээр гүйцэтгэх ажил,
- 2022 оны хоёрдугаар сарын 25. Замын хөгжлийн газраас зарласан Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх 1,3 тэрбум төгрөгийн авто замын ажил,
- 2023 оны хоёрдугаар сарын 3. Наадамчдын замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын засвар, шинэчлэлт (4 дүгээр хороо) гүйцэтгэх 1,6 тэрбумын ажлыг тус тус төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн байна.
Холбоотой мэдээ