
Бямба гарагт байрлал тогтоох гараанд түрүүлсэн ёсоор Марк Уэббэр тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлсэн бол түүний араас Хэмильтон, Кубица, Веттель гэсэн дарааллаар гараанаас гарчээ.
Дэндүү олон осол, дэндүү их бороо, дэндүү их өрсөлдөөн бас азгүйтэл дунд явагдсан уралдааны гол зүйлүүдийг товчлон хүргэе.
Австрали нисгэгчийг эхний эргэлт дээр л Хэмильтон, Кубица, Веттель, Масса, Баттон нар гүйцэж түрүүлжээ. 300 дахь гран-придаа оролцож байгаа Рубенс Барикелло Алонсог мөргөснөөр түүний хувьд замаа эрт дуусгасан бол Алонсо уралдаанаа цаашид амжилт муутайхан үргэлжлүүллээ.
“Мерседес ЖП” багийн хоёр нисгэгчийн тулаан Бельгийн гран-приг улам бүр чимж байлаа. Хоёр ч удаа байрлалын төлөө өрсөлдөн, эхний удаад машиндаа гэмтэл аваад салцгаасан.
Аваргын төлөө өрсөлдөж байгаа таван нисгэгчийн гурав нь онооны гадна үлдэхэд Веттель, Баттоны осол чамгүй нөлөөг үзүүлсэн. Баттон Веттелийн ослоос өнгөрсөн жилийн дэлхийн аварга уралдаанаас дуусгасан бол Герман нисгэгч ахин нэг тооцоолоогүй пит хийсэн юм.
Баттон ослын дараачаар уурлаж байсан нь илэрхий байсан ба аваргын өрсөлдөөнөөс хасагдаж байгаа нөхцөлд ингэхээс ч аргагүй юм. Веттель ч мөн ялгаагүй. Уралдааныг зохион байгуулагчдаас ээлж дараалсан торгуулиудыг хүлээж байснаар оноо авч чадалгүй гран-приг дуусгасан.
Энэ хооронд тэргүүллийг авсан Хэмильтон арын машинаас улам бүр холдсоор байлаа.
Гэвч тэрбээр бороо дахин орж эхлэх үед замаас гарч осолдох шахсан бөгөөд замын хажуугийн хаалтаас ердөө хэдхэн см зайтай өнгөрсөн юм. Ингээд л түүний барцад нэг ёсондоо арилж, гран-пригийн тэргүүн байранд шалгарах эрхтэй болсон гэхэд болно.
Нийт 44 тойрог бусад гран-придаа харьцуулахад тоогоор бага ч болсон үйл явдал дэндүү олон байлаа. Хоёрдугаарт хурдалж байсан “Рэно”-гийн нисгэгч Роберт Кубица дугуйгаа сольж, питлэйнд орох үедээ өөрийн техникчээ мөргөж унагаснаар хугацаа алдаж, ард явсан Марк Уэббэрт байраа тавьж өгсөн гэхэд болно. Питлэйнд олон ч аюултай нөхцөл үүсч байсны нэг нь Фернандо Алонсогийнх байсан. Үүнийхээ үр дүнд торгууль хүлээх болсныг зохион байгуулагчид дуулгасан ба яг тэр тойрогт л Алонсо бүтэн эргэлт хийж замаас гарах нь тэр. Веттель мөн л питлэйнээр ороод гарах “эрх”-ээр шагнуулав.
Ингэснээр адал явдал дүүрэн Бельгийн гран-пригийн шагналын тавцанд Хэмильтон, Уэббэр, Кубица нар гарч, тэдний араас Масса, Сутил, Росберг, Шумахер, Кобаяши нар бичигдлээ.
Льюис ингэснээр карьерынхаа 14 дэх ялалтыг авч, 182 оноогоор жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Түүний ард Уэббэр 179, Веттель 151, Баттон 147, Алонсо 141 оноогоор удаалж байна.
Гран-при бүрийн дараачаар тэргүүлэгч солигдож байгаа “Формула нэг”-ийн 2010 оны улирал зургаан уралдааны дараачаар дуусна. Харин дараагийн уралдаан ирэх сарын 12-нд Италид болох юм.
Score Studio