ОХУ-ын ерөнхийлөгч Путин Украин дахь цэргийн ажиллагааны командлагч болон бусад цэргийн дээд албан тушаалтнуудтай уулзжээ. Уулзалт Ростов-на-Дону дахь цэргийн тусгай ажиллагааны бүлгийн төв байранд болов. Украины хилээс ердөө 100 км-ийн зайд орших Ростов-на-Дону хотод Оросын өмнөд цэргийн тойргийн командлал байрладаг. Кремлиэс мэдэгдсэнээр Путин Украин дахь ажиллагааг хариуцаж буй Армийн жанжин штабын дарга Валерий Герасимов тэргүүтэй цэргийн дээд командлагч, офицеруудын илтгэлийг сонссон байна. Кремль уулзалтын талаарх мэдээллийг өнөөдөр өгсөн ч уулзалт чухам аль өдөр болсон нь тодорхойгүй.
Харин Риа агентлагийн нийтэлсэн бичлэгийг харахад Герасимов ерөнхийлөгч Путин нар оройн цагаар уулзаж байжээ. Герасимов сүүлийн саруудад олны өмнө бараг харагдахаа больсон. Украин дахь ажиллагаа урагшгүй байгаа тул Герасимов "Вагнер"-ын удирдагч Пригожин болон цэргийн блоггеруудын шүүмжлэлийн бай болоод байв.
Орос, Украины талууд сүүлийн үед жижиг тосгонуудыг чөлөөлж авснаар амжилтаа хэмжих болжээ. Тухайлбал, Украины арми Пүрэв гаригт Донецк мужийн Урожайн хэмээх жижиг тосгоныг чөлөөлсөн. Мөн Крым хүрэх Оросын хуурай замын гүүрийг хаахын тулд Азовын тэнгисийг чиглэн урагшиллаа.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ