Цэргийн албанд татагдахгүйн тулд ОХУ-аас дүрвэсэн төрийн албан хаагч асан Денис Шаранов АНУ-д ачааны машины жолооч хийж байна. Тэр сүүлийн зургаан сарын турш амьжиргаагаа залгуулахын тулд жолооч хийж, 45 мужийн хурдны замыг туулжээ. Мөн орогнол хүссэн өргөдлөө шийдвэрлэгдэхийг хүлээж байгаа гэдгээ "The Guardian" хэвлэлд мэдээлэв.
Тэр ОХУ-ын баруун хойд холбооны тойрогт хамаарах Бүгд найрамдах Коми улсад Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан.
Өдгөө рублийн ханш сүүлийн 16 сард байгаагүй доод түвшиндээ хүрсэн тул түүний орлого Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан үетэйгээ яг ижил байгаа аж. ОХУ-ын мөнгөн тэмдэгт хөрөнгийн урсгал, татварын орлого буурсан зэргээс шалтгаалаад хамгийн муу үзүүлэлттэй валютуудын нэг болоод байна.
Денис Шаранов өнгөрсөн оны есдүгээр сард цэргийн зарлан хүлээж авсныхаа дараа ОХУ-аас Мексик рүү нисч, улмаар АНУ-ын хилийг явганаар давсан байна. "ОХУ-ын засгийн газар маш их авлигад өртөж байгаа тул албан тушаалтнууд нэмэлт мөнгө олох арга замыг хайх болсон. Хүмүүсийн улс төрд орох гол шалтгаан нь хулгай хийх явдал. Авлига ОХУ-ыг бутаргасан. Та нэг бол авлигад оролцоно, эсвэл хөөгдөнө" гэж тэр хэлжээ.
Тэр эрх чөлөөг мэдэрч, шударга ажиллахыг хүссэн учир ачааны машины жолоочоор ажиллах шийдвэр гаргасан байна. "Ачааны машины жолоочоор ажиллах нь амьжиргаагаа залгуулах хамгийн хялбар арга юм шиг санагдсан. Би хийж буй зүйлээрээ бахархаж байна" гэж тэр хэлэв.
Эх сурвалж: BUSINESS INSIDER