Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.
–Инфляц долдугаар сард 9.2 хувьтай гарлаа. Өөрөөр хэлбэл, нэг оронтой тоо руу шилжлээ. Инфляц буурахад нөлөөлсөн гол үзүүлэлтүүд юу байв?
-Үнийн өсөлтийг дотор нь хэлбэлзэл өндөртэй байдаг шатахуун, дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа учраас бидний хэлдгээр суурь инфляц буюу хэрэглээний үнийн индекс 10 орчим хувиас буурсан байна. Гэвч айхтар буураад байгаа зүйл ажиглагдахгүй байна. Хэдхэн сарын өмнө төсвийн тодотгол хийж тэтгэвэр, цалин ойролцоогоор 1.8 их наяд төгрөгөөр нэмсэн. Шинээр өртөг нэмэлгүй их хэмжээний мөнгө зах зээлд нийлүүлсэн учраас инфляц өсөх ёстой. Үүнийг Үндэсний Статистикийн Хорооны мэдээ биш ард иргэдийн худалдан авалт тодорхойлж байгаа. Өргөн хэрэглээний үнэ галзуурч байгааг иргэн бүр худалдан авалтаараа мэдэрч байх учиртай.
Мах, сүү, гурил гэхэд 2016 онтой харьцуулахад гурав дахин өсчихөөд байна. Инфляц хоёр оронтой тоонд бүтэн хоёр жилийн хугацаанд эргэлдэж байна.
-Гэхлээ өргөн хэрэглээний үнэ өндөр хэвээр байна. Шалтгаан нь юу вэ?
-Уг нь Стастикийн байгууллага үнэн зөв мэдээ гаргаж түүнд үндэслэн УИХ-аас зөв зүйтэй бодлого хэрэгжүүлэх ёстой юм. Харамсалтай нь энэ байгууллага эрх баригчдын хүссэн мэдээг нийтэд хүргэдэг бодит мэдээллээс ихээхэн хол байгууллага болж хувирчээ.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ асар хурдацтай өсөж байхад Статистикийн Үндэсний Хороо нь инфляц буурч байна гэсэн мессеж бичээд сууж байгаа нь дэндүү өрөвдөлтэй юм даа.
–Хүүхдүүдийн сургууль цэцэрлэг орох үе болоод намрын их ажлын үеэр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Нэг оронтой тоонд хүрсэн инфляц цаашид хэр удаан хадгалагдах бол?
Хамгийн гол нь үнэн зөв мэдээ гаргадаг байгууллагатай болох ёстой. 2016 онд М2 буюу зах зээлд эргэлдэж буй мөнгөний нийт хэмжээ 11 их наяд орчимд хэлбэлзэж байсан бол өнөөдөр 30 их наяд төгрөг даваад явж байна. Харин ДНБ-ийг валютаар тооцвол 15 тэрбум орчимд сүүлийн арваад жил эргэлдэж байгаа. Тэгэхээр үнэ 3 дахин өсч таарна. Статистикийн байгууллага юу гэж бурах нь сонин биш. Инфляц цаашид ч өснө. Иргэд үнийн өсөлттэй өдөр тутам нүүр тулж байгаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГ ХАЛААСНЫ ТӨСӨВ БОЛГОЖ БОЛОХГҮЙ"
Эдийн засагч, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн А.Батпүрэвтэй ярилцлаа.
-Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, намын дэргэдэх Стратеги бодлогын судалгааны хүрээлэн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд хамтраад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Та тус ажлын хэсэгт орж ажиллаж байгаа эдийн засагч хүний хувьд хуулийн төсөлд тусгагдаж байгаа чухал өөрчлөлтүүдийг юу гэж харж байна вэ?
-Үндэсний баялгийн сан гэх нэр томьёо ойлголт 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд бий болсон. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.
Гэтэл Үндэсний баялгийн сан гэж чухам яг юуг хэлэх талаар тодорхойлолтоо өнөөдрийг хүртэл бий болгоогүй. Нэгдсэн бодлого ч цаасан дээр алга.
Олон улсын жишгийг харахаар Үндэсний баялгийн санг нэлээд өргөн ойлголтоор авч үзэж байна. Тус сангийн зорилго чиглэлийг нь аваад үзвэл уул уурхай, эрдэс баялгаас хамааралтай баялгууд дээр үнийн савлагаанаас сэргийлэх тогтворжуулалтын сан байгуулах стратегийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ч ажиллаж байна. Мөн байгалийн баялгийн эзэд болсон газар нутгийн эздэд тодорхой хэмжээний ашиг хүртээдэг сангууд ч байна. Ингээд харахаар Үндэсний баялгийн сан гэдэг нь олон төрөл, өвөрмөц хэлбэрүүдтэй байж болох боловч манайд энэ талын зохицуулалт бодлогын түвшинд байхгүй байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ЗАЛУУС ХЭЗЭЭ Ч ӨВДӨХГҮЙ ЮМ ШИГ БОДОЖ ЯВДАГ НЬ ТОМ АЛДАА"
УНТЭ-ийн Зүрхний төвийн дарга, клиникийн профессор, анагаах ухааны магистр, зөвлөх зэргийн эмч Л.Анхбаяртай ярилцлаа.
–Зүрх бол хүний биеийн цорын ганц зогсолтгүй ажилладаг эрхтэн. Хүний биед энэ эрхтэн ямар чухал үүрэг гүйцэтгэдэг тухай тайлбарлаж өгөөч?
-Зүрх нь нэг минут, нэг секунд зогсох боломжгүй ажилладаг. Энэ утгаараа зүрхийг амин чухал эрхтэн гэж үздэг. Хүний биед насосны үүргийг гүйцэтгэн эд эрхтнүүдийг хүчилтөрөгчөөр баялаг цусаар хангаж өгдөг.
Хүний зүрхний нийт жин 250-300 грамм.
Нэг минутад 75-80 удаа цохилж, цохилох бүрдээ 300-350 грамм цус түгээдэг. Зүрх тайван ажиллаж байхдаа нэг минутад таван литр цусыг шахаж чадна. Харин хүнд хөдөлмөр хийж байх үед дөрөв дахин их буюу 20 литр цус шахдаг.
-Зүрх судасны шалтгаант нас баралт дэлхийд дээгүүрт бичигддэг. Харин Монголд энэ төрлийн өвчлөл ямар байна вэ?
-Эрүүл мэндийн яамнаас гаргадаг эрүүл мэндийн үзүүлэлтээр хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчлөлд зүрх судасны тогтолцооны эмгэг эхний гуравт бичигддэг. Монголд 1990-ээд оноос өмнө халдварт өвчин их байсан бол одоо халдварт бус өвчлөл их байгаа. Энэ нь хүмүүсийн зан үйл, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой. Тийм учраас иргэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэгтээ хамрагдсанаар өвчний хүндрэл, өвчлөлөөс сэргийлж чадна.
Зүрх судасны шалтгаант нас баралтын хувьд зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхийд тэргүүлдэг. Өнгөрсөн 2022 оны байдлаар зүрх судасны тогтолцооны эмгэг нь нийт нас баралтын 32 хувийг эзэлж буй.
Цаашдаа энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Зүрх судасны тогтолцооны эмгэг дотроо зүрхний шигдээс, харвалт, даралт ихсэх өвчин их байна. Өвчтнүүдийг хүйсээр нь авч үзвэл, 60 хувь нь эрчүүд. Тэдний 55 хувь нь ид хөдөлмөрийн насных байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаж, амьдралын зөв дадал хэвшил, нийгмийн хүчин зүйлээ зохицуулж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх шаардлагатай байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"БИ NBA-Д ТОГЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ"
"NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноо сагсан бөмбөгийн спортоос онцолж байна. Тэр бол Монголын сагсан бөмбөгийн шинэ үе. Монголын хамгийн өндөр өсвөрийн тамирчин С.Ган-Эрдэнэ Зүүн Азийн залуучуудын наадамд Монголын “U18” шигшээ багт тоглохоор АНУ-аас эх орондоо ирээд байна. Тэрбээр ирсэн даруйдаа Хандгайт дахь спорт цогцолборт байрлан, шигшээ багийн бэлтгэлдээ орсон. Уншигч танаа Солонгын Ган-Эрдэнийг танилцуулъя.
ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАГАА ЭХЛЭХ ҮҮ. ХЭДЭН НАСТАЙГААСАА САГСАН БӨМБӨГИЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН БЭ?
-Багадаа сагсан бөмбөгийг найзуудтайгаа хөгжилдөх гэж л тоглодог байсан. Би өмнө нь хоёр жил гаруй волейболын спортоор хичээллэсэн ч төдийлөн амжилт гаргаж чадаагүй. Тэгсэн нэг удаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон чинь тоглож болмоор санагдсан. Сагсан бөмбөгийн анхны тэмцээнд амжилттай оролцож, ур чадвар маань илт сайжирсан. Ерөнхийдөө 14 настайгаасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн гэж хэлж болно.
Би одоо 2 метр 11 см өндөртэй. Хүүхэд байхдаа алдартай тамирчин Шакил О’Нилийг харж, тэр хүн шиг болох юмсан гэж хүсдэг байлаа. Одоо ч тэр мөрөөдөл минь хэвээрээ. Харин Монголоосоо Ц.Шаравжамц ахыгаа дэмждэг байсан.
АНХНЫ АМЖИЛТ
-Өнгөрсөн 2022 оны долдугаар сард “Баянгол” багаас тоглож, Өсвөрийн зуны лигийн аварга болж байсан. Тэрнээс хойш АНУ-руу явахаасаа өмнө 15 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Модун” багаас тоглож, аварга болсон. Бас шилдэг төвийн тоглогчоор шалгарч байлаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.