Монгол хэл бичгийн дахин шалгалтыг 2023 оны наймдугаар сарын 19-ны өдрийн 10:00-11:40 цагт Улаанбаатарын цагаар улсын хэмжээнд зохион байгуулна. Шалгуулагчид шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө суудлын хуваарийн дагуу шалгалтын байран дээрээ ирсэн байна. Шалгалтыг хөх болон цэнхэр өнгийн тосон болон үзгэн балаар хийж, гүйцэтгэнэ. Шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд, Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан лавлагаа төрсний гэрчилгээний хамт авч ирнэ. Мөн Eyesh.eec.mn холбоосоор дамжуулан суудлын хуваарь, бүртгэлийн хуудсаа, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна.
ЭЕШ-ын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авах юм. ЭЕШ болон Монгол Хэл Бичгийн Шалгалтын батламж хуудас шалгалт өгснөөс хойш 2.8 жил /31 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог блокчейн сүлжээнд байршуулдаг болсон. Энэ нь мэдээллийг тусгай технологиор шифрлэж хадгалах бөгөөд хэн нэгэн сүлжээнд бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй. Өндөр хүчин чадалтай тархмал сүлжээнд найдвартай хадгалах боломжтой болсноор цаг хугацаа, зардал хэмнэж, ил тод, нээлттэй, аюулгүй найдвартай байдлыг бий болгож байгаа юм. Мөн ЭЕШ-ын дүн оноог BI системд байршуулснаар боловсролын байгууллагын удирдлага, сургалтын менежер, багш сурган хүмүүжүүлэгчид ЭЕШ-ын даалгаврын гүйцэтгэл болон танин мэдэхүйн түвшин, агуулгын гүйцэтгэлийг харан судалгаа шинжилгээ хийх боломжтой болсон.
Энэ жил 34432 шалгуулагч бүртгүүлснээс энэ онд 12 дугаар ангийг төгсөж буй 30744 суралцагч төгсжээ.
Шалгалтын зохион байгуулалтад багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, зохион байгуулагч багш нар, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн нийт 2460 хүний бүрэлдэхүүнтэй ба хөдөө орон нутагт 1269, нийслэлд 1191 хүн багийн бүрэлдэхүүнд орон бэлтгэл ажлыг бүрэн ханган ажилласан байна.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ