ОХУ-аас Украинд довтолсны дараа дэлхийн өнцөг булан бүрээс сайн дурын дайчид Киевийг зорьсон. Тэдний нэг бол Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэг Рий Кеун. Гэвч гурван сарын дараа шархдаад эргэж ирэхэд нь түүнийг эх орон нь таатай хүлээж аваагүй юм. Баатрын ёсоор хүлээж авах нь байтугай хилийн хориг зөрчсөн хэргээр түүнийг шийтгэсэн. Прокурорууд Рий Кеунд 18 сарын хорих ял оноох хүсэлт гаргасан боловч Сөүл хотын төв дүүргийн шүүхээс өчигдөр /2023.08.17/ түүнд тэнсэн харгалзах ял оноожээ.
Өмнөд Солонгосын эрх баригчид 2022 оны хоёрдугаар сард Украин руу зөвшөөрөлгүй явсан иргэдийг жил хүртэл хорих ялаар шийтгэж, дээд тал нь 10 сая воны торгууль ногдуулах шийдвэр гаргасан.
Рий Кеунаас гадна дор хаяж гурван солонгос иргэн Украин руу явсныхаа төлөө шийтгүүлжээ. Тухайлбал, 2022 оны гуравдугаар сард Украиныг зорьж, сайн дурын байлдагч болох зорилгоор тэнд зургаан сар байсан нэгэн иргэн гурван сая воноор торгуулсан. Мөн Рийтэй дайны талбарт нэвтэрсэн ч ердөө ганцхан долоо хоногийн дараа буцаж ирсэн нэгэн иргэн дөрөвдүгээр сард торгууль төлжээ. Тулалдахаар яваад дөрөв хоногийн дараа буцаж ирсэн өөр нэг хүн ч бас торгууль төлж, ял авчээ.
Дайн эхэлсний дараахан украинчууд дэлхийн даяарх сайн дурын дайчдыг өөрсөнтэй нь нэгдэхийг уриалсан. Энэхүү дуудлагаар 20 мянга орчим сайн дурынхан Украиныг зорьсон гэж тооцоолжээ. Австрали, Өмнөд Солонгос гэх мэт зарим улс иргэдээ Украин руу явахгүй байхыг сануулсан. Харин Герман, Нидерланд, Латви зэрэг улс иргэддээ ногоон гэрлээр зөвшөөрөл олгосон юм.
Өмнөд Солонгосын засгийн газрын хувьд Рий Кеун тэргүүтэй сайн дурынхан толгойн өвчин болжээ. "Засгийн газартай зөвлөлдөлгүй хувийн итгэл үнэмшил, хүсэл зоригоор ийм үйлдэл гаргах нь олон улсын харилцаанд нөлөөлж магадгүй" гэж Сункьюнкван их сургуулийн Улс төрийн тэнхимийн туслах профессор Дон С.Лий хэлжээ.
Тус улс хэдийгээр АНУ-ын холбоотон боловч дайнд болгоомжтой хандаж байна. Энэ нь мэдээж Оростой эдийн засгийн харилцаагаа сүйрүүлэх вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй. Дайны эхлээд хэдхэн хоногийн дараа Өмнөд Солонгос улс Оросын экспортын хяналтыг чангатгасан. Мөн өнгөрсөн онд 100 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж Украинд үзүүлжээ. Энэ онд дахин 150 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. Цаашилбал, "Samsung", "Hyundai" зэрэг конгломератууд Украины сэргээн босголтыг дэмжихээ амлажээ.
Эх сурвалж: TIME
Холбоотой мэдээ