Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, залуу офицеруудын /2023.08.18/ чуулган боллоо. Энэ үеэр залуу офицеруудын тулгамдсан асуудлын талаарх байр суурийг сонслоо. Уг чуулга уулзалт анх удаа болж буй бөгөөд удирдлагын түвшинд залуусын дуу хоолойг хүргэх ач холбогдолтой аж.
Батлан хамгаалах сайд Г.САЙХАНБАЯР:
-Залуу офицеруудыг манлайлах, албандаа тогтвор суурьшилтай, урам зоригтой ажиллах итгэл, үнэмшлийг дээшлүүлэх, ёс зүй, харилцаа, хандлагын хувьд зөв төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд оролцох үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэшсэн чадварлаг болгон, тогтвортой, тасралтгүй хөгжүүлж байх нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагын нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх гол ажил, үүрэг юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь залуу офицеруудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг ул суурьтай хэлэлцсэн, судалгаа, шинжилгээний үндэс дээр гаргасан, эрдэмтэн, судлаачидтай хамтран шүүн тунгаасан, шинжлэх ухаанч байр сууринаас хандсан, шийдвэрлэх гарц, гаргалгаа, арга замыг тодорхойлсон, бүтээлч санал, зөвлөмж гаргасан, тодорхой үр дүнд хүрсэн арга хэмжээ болно гэдэгт итгэл дүүрэн байна.
30 ХУВЬ НЬ ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ, ДАВХАР ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ БАЙНА
ШШГЕГ-ын сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын ахлах төлөөлөгч, хошууч Э.ЖАМБАЛРАГЧАА:
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудад тулгамдаж байгаа асуудлын талаарх эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Алба хаагчдын нийгмийн баталгаа ямар түвшинд байгаа вэ, нийгмийн баталгаатай холбоотой алба хаагч албандаа итгэх итгэл ямархуу түвшинд байгаа талаар илтгэл тавилаа. Залуу офицеруудад тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал нь орон байр, санхүүгийн асуудлаас илүүтэй удирдлагын арга барил, хамт олны уур амьсгал шатлан дэвших боломж хомс зэрэг асуудлыг хөндөж тавилаа. Үүнээс гадна санхүүгийн асуудлууд залуу офицеруудын албандаа итгэх итгэл үнэмшлийг бууруулж байна. Мэдээж залуу офицеруудын авч буй цалин хангамж шат дараатайгаар нэмэгдүүлж байгаа ч гэсэн амьдралд хүрэлцээтэй биш.
Үүнээс гадна залуу офицеруудын 30-50 хувь нь түрээсийн орон сууцанд амьдарч байна. Түүнчлэн залуусын 30 хувь нь ипотекийн зээлтэй, хэрэглээний давхар зээлтэй байна.
Хэрэглээний зээл нь 500-600 мянга дунджаар байгаа. Сарын цалин нь хоёр сая төгрөг байлаа гэхэд түрээсийн байрандаа саяыг нь, 500 мянгыг нь хэрэглээний зээлд өгчихдөг. Үлдсэнээр нь гэр бүлээ тэжээнэ. Тэгэхээр яаж амьдрах вэ гэдэг асуудал үүсч байгаа. Судлаач хүний хувьд харахад нийгмийн баталгааг нь шийдэж өгөхийг уламжилж байна. Мөн судалгаа хийхэд залуусын албандаа итгэх сэтгэл ханамжийн баталгаа буурчихжээ. Буурсан шалтгаан нь удирдлагын арга барил, ажлын байрны дарамт шахалттай холбоотой. Түүврийн аргаар авсан судалгаа учраас шударга санал асуулга болсон. Тиймээс удирдах арга барилаа өөрчлөөсэй гэсэн саналыг дэвшүүлж байна.
Хоёрдугаарт, шинэ залуу төгсөгчдөө хүлээж авахгүй, хамт олны уур амьсгал байхгүй гэдэг дүн гарсан. Хамт олны уур амьсгалыг сайжруулахад шат дараатай арга хэмжээ аваасай гэдэг саналыг хэллээ.
ЗАЛУУС УДИРДАХ АРГА БАРИЛГЫГ ШҮҮМЖИЛЖ БАЙНА
Бригадын генерал Г.БОЛОР:
-Нийгмийн халамж, цалин хөлсний асуудал албандаа хандах үнэлэмжийг бууруулж байна. Ялангуяа залуусын хувьд гэр бүл төлөвлөлт шинээр айл болж буй залуусын ажил, гэр бүлдээ анхаарал хандуулах бүх зүйл нь зэрэгцэж байгаа учраас ядаж арга гэрийн амьжиргаа, орчин тойрны нөхцөл сайн байвал бид ажлаа сайн хийнэ гэсэн үзэл бодол цухалзаж байна. Энэ чуулганы дараа залуус уриалга дэвшүүлэх байх гэж бодож байна. Жишээ нь төрийн цэргийн байгууллагын орон сууцны хотхон гэх мэтчилэн хөтөлбөр хэрэгжүүлж өгөөч ээ, хөнгөлөлттэй зээлээр ч юм уу орон сууцанд оруулж өгөөч гэдэг хүсэлтийг гаргахаар ярьж байна. Энэ саналыг удирдлагын түвшинд хүргэнэ. Мөн удирдах арга барилгын хувьд залуус шүүмжлэлтэй хандаж байна.
Бид ажлынхаа арга барилыг өөрчлөх, залуусыг ойлгох талаас нь илүү их ажиллах юм байна гэж бодож суулаа.
35 ХҮРТЭЛХ НАСНЫ ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН 0.3 ХУВЬ НЬ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД БАЙНА
ШШГЕГ-ын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.АЗЖАРГАЛ:
-Эмэгтэй албан хаагчдын сурч боловсрох эрх тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байна. Судалгаанаас харахад 35 хүртэлх насны эмэгтэй алба хаагчдын 87 хувь нь бакалавр, 12 хувь нь магистр, нэг хувь нь докторын зэрэгтэй байна. Төрийн цэргийн байгууллагын залуу офицерын тавигдах шаардлага нь бакалаврын зэрэгтэй гэсэн шаардлага хангаж байна. Цаашлаад магистр, докторт суръя гэхээр байгууллагын зүгээс дэмждэггүй. Түүнчлэн залуу эмэгтэй алба хаагчдын хувьд удирдах албан тушаал хаших боломж хомс байдаг. 35 хүртэлх насны эмэгтэй алба хаагчдын 0.3 хувь нь удирдах албан тушаалд байна. Энэ нь Жендерийн тухай хуульд заасан 60:40-ийн харьцааг барьж чадахгүй байна гэсэн үг юм.
Холбоотой мэдээ