Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төрийн албан шинэчлэлт хийхээр болсныг зарласнаас хойш яг таван сар өнгөрчөө. Тэрбээр “Засгийн газрын төсвийн зардал улсын нэгдсэн төсвийн 37 хувийг эзлэх болсон тул 30 хувь руу бууруулах зорилгоор төрийн албаны бүтцийг эргэн харж цомхотголыг үе шаттай хийнэ гэдгээ мэдэгдлээ. Учир нь, олон улсын аргачлалаар Засгийн газрын төсөвт эзлэх зардал 30 хувь бол хэвийн, 30 хувиас дээш гарвал хэт үрэлгэн зардалтай гэж үздэг байна.
Мөн Олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын баримталдаг зарчмаар улс орны нийт ажиллах хүчний 15 хувийг төрийн албан хаагч эзлэх тохиолдолд хэвийн гэж үздэг бол Монгол Улсад энэхүү тоон үзүүлэлт 18 хувьтай гарчээ. Тодруулж хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүний тоо нь гурван хувийн хэтрэлттэй явж буй аж. Иймээс төрийн албаны хэт үрэлгэн зардлыг бууруулахын тулд салбар чиглэл бүр дээр бүтцийг дахин төлөвлөнө. Энэ нь төрийн албанд хийх шинэчлэлийн нэг болно” гэж байв.
Монголын төрийн “таргалсан”, иргэдийн “турсан” хоёр яг тэнцэнэ. Тэдний цалин, хангамжийн зардал улсын төсвийн гуравны нэгээс илүү гарсан. Нэг ёсондоо данхар төрийг тэжээх гэж хувийн хэвшлийнхэн чардайж байгаа нь үнэн.
Ямар сайндаа л төрийнхнийг цалинжуулахын тулд 2016 оны амлалтаасаа буцсанаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Тэр чинь хуучин амлалт” гэсэн олон нийтийн сүлжээний трэнд сэдэв болох билээ.
Төрийн албан хаагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа, ялангуяа 2022 онд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид 4.2-10.6 хувиар өссөн хэдий ч үр дүн, бүтээмж нэмэгдсэн талаар судалгаа, мэдээлэл алга. Энэ оны байдлаар 300 мянган хүн төрд ажилладаг гэхээр ажил хийдэг гурван хүний нэг нь төрд данстай байна гэсэн үг. Үнэндээ Монголын төр эмч, багш, онцгой байдлын ажилтнуудын хомсдолд орсон бол эсрэгээр даргын илүүдэлд орчихсон…
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирын мэдээлснээр "2023 оны зургаадугаар сард 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой багш нарын хэдэн сул орон тоо гарах вэ гэдэг судалгааг аймаг, дүүрэг тус бүрээр гаргасан. Ойролцоогоор 4,800 багш шилжилт хөдөлгөөнд орж эсвэл шинээр үүсэж байгаа бүлгүүдэд хэрэгцээ үүснэ. Үүнтэй холбоотойгоор хэдэн хүүхэд их, дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөх вэ гэдэг судалгааг давхар гаргасан. Аль аймагт ямар мэргэжлээр хэдэн багш төгссөн талаарх судалгааг гаргаж ажиллаж байна" хэмээв. Түүнчлэн шинээр батлагдсан хуульд дадлагажигч багшийг ажиллуулж болох зохицуулалт орсноороо онцлог жил болж байна. Тиймээс багш бэлтгэдэг сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутнуудыг шилжилт хөдөлгөөн их явагддаг хичээлийн жилийн эхэн үед сургууль, цэцэрлэгт дадлагажуулах аж.
Атал нийслэл, дүүрэг гэхэд 214 засаг даргатай. Тэдний зөвхөн хурлын зардал нь гэхэд 300 тэрбум. Нийслэл 9 дүүрэгтэй, дүүрэг болгон иргэдийн төлөөлөгчтэй. Тэд нь улирал болгон урамшуулал авна. Атал Улаанбаатарын асуудал яг хэвээрээ. Ямар сайндаа л Хятадаас коксжих нүүрс авчирч, гал түлэх дээрээ тулах билээ.
Үер, усны гамшиг нүүрлээд л байна. Тэндээс сонгогдсон нийслэл, дүүргийн төлөөлөгчид нь хаана ч яваа юм бүү мэд. Уг нь тулгарсан бэрхшээл, асуудлаа шийдэх гэж л иргэд тэднийг сонгодог. Иргэдийг төлөөлөл нэрээр эрх ямба эдэлдэг.
Тиймээс нийслэл, дүүргүүдийг нэгтгээд засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгч нарыг цөөлөхөөс төрийн албаны шинэчлэлийг эхлүүлье.
Улаанбаатарын үер ус, утаа гамшиг, хог шорооны асуудал үеийн үед байсан. Өнгөрсөн хугацаанд өчнөөн дарга, төлөөлөгч нарыг сонгосон. Үнэндээ асуудал нь нэмэгдсэнээс биш ажлаа хийсэн хүн байхгүй байна. Эцэстээ иргэд рүүгээ “салаавч” гаргаад сууж байдаг дарга нартай болжээ.
Тиймээс цүнх барьсан хэрэггүй олон дарга, төлөөлөгчдөөсөө салж, хэмнэсэн мөнгөө багш нартаа зарцуулъя. Хотын даргын хоёр орлогч гэхэд хийж гавьсан юмгүй л, олон нийтийн сүлжээнд хэрэлдсэн шигээ сууж байна даг.
Б.БАТ