Цахим орчинд Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нэгэн иргэн өөрийн авсан байр нь миний өмч учраас өргөтгөл хийнэ хэмээн ойролцоох байрны оршин суугчид болон хорооны Засаг дарга холбогдох бусад хүмүүстэй маргалдаж буй бичлэг энэ сарын 1-нд нийтлэгдсэн. Тодруулбал, зөвшөөрөл аваагүй байж нийтийн эзэмшлийн талбайг хувьдаа ашиглаж өргөтгөл хийнэ гэх асуудлаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, холбогдох хүмүүс рүү бухимдсан.
БЗД-ийн зургадугаар хороонд үүсээд буй нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөл барих ажил маргаантай байгаа бөгөөд барилгын ажлыг ямартай ч бүрэн зогсоосон байна.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас тодруулахад "Тухайн иргэний өргөтгөл барих талбай ямар ч зөвшөөрөлгүй. Зөвшөөрөлгүй болохыг нь Egazar.gov.mn сайтаас харах боломжтой. Цаашид хийх гэж буй өргөтгөлийн ажил ямар ч зөвшөөрөлгүй байгааг харж болно. Тиймээс дүүрэг, нийслэлээс зөвшөөрөл олгосон гэж бухимдаж байгаа иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Иргэний маргаан үүсгэж буй газарт аль ч шатнаас ямар ч зөвшөөрөл олгоогүй.
Нийслэл, Баянзүрх дүүрэг гээд дээд, доод бүх шатандаа иргэндээ ээлтэй орчин, ногоон байгууламж, явган зам талбай хийхээр нэг зорилго, нэгдмэл байр суурьтайгаар ажиллаж байгаа энэ цаг үед хэн ч, хэзээ ч ийм зөвшөөрөл өгч, явган зам, ногоон байгууламж болох боломжтой талбайг өргөтгөл болго гэж үүрэг өгөхгүй гэдгийг онцлон тодотгох нь зүйтэй болов уу.
Үүссэн маргаан, тухайн өргөтгөлтэй холбоотой асуудлаар БЗД-ийн зургадугаар хорооны Засаг дарга, түүний баг хамт олон дээд шатны болон мэргэжлийн байгууллагууд руу хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Иймд тус байршилд ямар ч өргөтгөл барихгүй гэдгийг мэдэгдэж байна.
Өргөтгөл барьж байгаа иргэн хуучин бичиг баримттай ирж маргаан үүсгэж байгаа учир холбогдох газарт албаныхан болон иргэд гомдол гаргасан" гэлээ.
Тухайн өртгөтгөлийн барилгын ажлыг бүрэн зогсоосон бөгөөд албаныхан төдийгүй оршин суугчид ч эсэргүүцлээ дуу нэгтэй илэрхийлж байгаа аж.
Холбоотой мэдээ