ГХЯ: Залилуулсан иргэдийн хэргийг Хятадын хуулиар шийднэ

Хуучирсан мэдээ: 2023.08.18-нд нийтлэгдсэн

ГХЯ: Залилуулсан иргэдийн хэргийг Хятадын хуулиар шийднэ

ГХЯ: Залилуулсан иргэдийн хэргийг Хятадын хуулиар шийднэ

Наймдугаар сарын 15-нд нэгэн иргэн цахим хуудастаа хоёр цагийн шууд дамжуулалт хийж "Хятадад аюулд орсон 33 монгол хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна" гэдгийг мэдэгдсэн. Улмаар тухайн бичлэг баримт нотолгоотой бөгөөд хүнд нөхцөлд орсон хүмүүстэй утсаар холбогдож, нөхцөл байдлыг харуулсан юм. Үүний дараагаар Гадаад харилцааны яам, Консулын хэлтэс тэдгээр хоригдсон, бичиг баримтаа хураалгасан иргэдтэй холбогдож туслахыг хүссэн.

Хятадад барьцаанд орсон гэх монгол иргэдийн асуудлыг шалгаж байгаа бөгөөд тухайн асуудал хууль бус хөдөлмөр эрхлэлттэй холбоотой учир тус улсын хуулийн дагуу арга хэмжээ авдаг болохыг Хятадад суугаа Монголын ЭСЯ-наас анхааруулав.

ХУУЛЬ БУС АЖИЛД ЗУУЧИЛСАН ИРГЭНД 3-7 ЖИЛИЙН ЯЛ ОНООНО

Тодруулбал сэрэмжлүүлэг мэдэгдэлд, Хятадад өндөр цалинтай ажилд зуучилна, ажиллуулна гэх зэрэг олон нийтийн сүлжээнд гарсан зарын дагуу монгол иргэд БНХАУ-д ирж, тус улсын холбогдох хууль журмыг зөрчин хууль бусаар хөдөлмөр эрхлэх, үүнтэй холбоотойгоор сэтгэл санаа, санхүү, хөрөнгөөр хохирох тохиолдол гарсаар байна.

БНХАУ-ын Гадаад иргэд хилээр орох, гарахыг зохицуулах хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн иргэдийг 5000-10000 юаниар торгох, хэрэв үйл ажиллагаа нь ноцтой гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох заалттай.
Мөн хууль бусаар ажилд зуучилсан иргэнд БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 335 дугаар зүйлд заасны дагуу 3-7 жил хүртэлх ял оноох хуулийн заалттай. Иймд Хятадад хөдөлмөр эрхлүүлнэ гэх аливаа зар мэдээллийг сайтар судалж, Хятадын холбогдох байгууллагаас зөвшөөрөл болон виз авсны дараагаар хөдөлмөр эрхлэх боломжтой гэдгийг онцгой анхаарч, хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг дахин анхааруулж байна гэжээ.

Хятадад хүнд нөхцөлд ороод байгаа гэх найман монгол хүний талаар Эрээн дэх Консулын газартай холбогдоход "Мэдээллийн дагуу тухайн хүмүүстэй холбогдож ажиллаж байна. Гадаад харилцааны яамны Консулын газарт дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлсэн. Тухайн хүмүүс Хэбэй мужийн бүсэд байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Бээжин дэх ЭСЯ-ны консулын хэлтэст мэдэгдсэн. Бусад мэдээллийг ГХЯ-наас авах боломжтой" гэх хариултыг өгсөн.

Харин Гадаад харилцааны яам Монгол Улсын 32 иргэн өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Чанлинь тосгонд очсон бөгөөд ажиллах нөхцөл байдал хүнд гэсэн шалтгааны улмаас ихэнх нь дээрх тосгоноос явсан байна.

Одоогоор найман иргэн гадаад паспортоо хураалгасны улмаас явж чадахгүй байгаа гэдгээ мэдэгдэж Бээжинд суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогдсон бөгөөд Консулын хэлтсээс иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу ажил олгогч болон бусад байгууллагатай холбогдон ажиллаж байна.

Хятад болон бусад улсад өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч зарын дагуу, албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, гадаадын улсад хөдөлмөр эрхлэхээр зорчиж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг иргэддээ анхааруулж байна гэх мэдээллийг өгсөн.

МОНГОЛ ИРГЭД 5 САЯЫН ТӨМС ХУРААХ АЖИЛД ЯВААД ЗАЛИЛУУЛСАН

Цахим хуудаст мэдээлэл хийсэн иргэн хэлэхдээ "Тодорхой бус байгууллагын зараар зуучлагдаж, өндөр цалинтай ажиллахаар Хятад руу явсан монгол иргэд барьцаанд орсон байна. Хятадын Шилийн гол аймаг руу төмс хураалтын таван сая төгрөгийн цалинтай ажил хийхээр явсан 32 хүн барьцаанд орсон. Цахим хуудсаар зуучлагдаж холбогдсон хүмүүс наймдугаар сарын 6-нд очиж, нийт 31 хүн хохироод байна.

Нийт найман хүн нь гадаад паспортоо хураалгаж, барьцаад орж, дарамтад орсон байна.

31 хүнийг айлган сүрдүүлж, сүлжээгүй газар хорьсон байна. Тиймээс ГХЯ, Консулын газар яаралтай холбогдож, арга хэмжээ авна уу" гэсэн юм.

Консулын хэлтэст мэдээлэл энэ сарын 15-нд очсон бөгөөд цахим хуудаснаас энэ үйл явдлын талаарх мэдээллийг авсан байна. Эхний ээлжид хүмүүстэй холбогдсон бөгөөд ГХЯ, Консулын хэлтэс ажиллаж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж