НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрөөс хэрэгжүүлэх "Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхийг бэхжүүлэх" төсөлт семинар өнөөдөр /2023.08.17/ боллоо. Семинарт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн холбогдох байгууллагууд, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, төслийн зорилтот хороодын дарга, хэсгийн ахлагчид, усны барилга байгууламжийн мэргэжилтнүүд, судлаач эрдэмтэд, хувийн хэвшил, төрийн бус болон иргэний байгууллага, НҮБ-ын суурин төлөөлөгч болон төрөлжсөн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. Энэхүү төсөл дөрвөн жил хэрэгжинэ.
Улаанбаатар хотын хамгийн үерт эмзэг хэсэг болох гэр хорооллын бүсийн үерийн хамгаалалтыг сайжруулах, оршин суугч иргэдийн гамшгийн бэлэн байдал, даван туулах чадавхийг бэхжүүлэх зорилготой. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26, 27, 4, 5, Сүхбаатар дүүргийн 15, 16, 18, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт, Толгойт болон Бэлхийн голын байнгын халиа, тошин, үер усанд өртдөг хэсэгт түлхүү анхаарч ажиллах юм. Үүнд, голын эргийн хамгаалалт барих, моджуулах, үер уснаас сэргийлэх, оршин суугч иргэдийг чадавхжуулах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах зэрэг ажлууд хийгдэнэ. Энэ төсөл өмнө нь 2019-2023 онд хэрэгжиж байсан бөгөөд "Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхийг бэхжүүлэх" төслийн хүрээнд үерийн эрсдэлд хамгийн өртөмтгий гэж үнэлэгдсэн Толгойт, Сэлбэ, Улиастай голын сав газарт суурьшсан Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 25, 40, 41, 42, Сүхбаатар дүүргийн 12, 13, 16, Баянзүрх дүүргийн 9 зэрэг нийт 10 хорооны нутаг дэвсгэрт нийт 4.7 км урт зургаан үерийн хамгаалалтын далан, суваг, 1133 сайжруулсан жорлонг барьсан. Тодруулбал, 27200 оршин суугчийн үерийн эрсдэлийг буруулсан бөгөөд 8707 сургалт уулзалтаар дамжуулан 11792 иргэнд гамшгийн эрсдэлийн бэлэн байдлыг хангах, эрсдэл бууруулах, дасан зохицох арга хэмжээг өрх, хорооны түвшинд авах мэдлэг мэдээллийг олгосон. Төслийн үр дүнд тухайн газруудад халиа тошин, байнгын намаг, шалбааг үүсэхээ больсон бөгөөд үер усны аюулд өртөөгүй байна.
Төслийн менежер Ш.Энхцэцэг:
“НҮБ-ын Хотжилтын төрөлжсөн агентлаг гэж байдаг. Энэхүү хэрэгжүүлж буй төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын үерт хамгийн эмзэг байдаг гэр хорооллын бүсийн иргэдийн чадавхийг бэхжүүлэх зорилготой. Зорилтот төсөлд үерийн хамгаалалтын байгууламжийг барих, айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хэрэгцээ шаардлагатай газарт мод тарих зэрэг ажил хийгдэнэ. Энэхүү ажлын хүрээнд Бэлхийн гол болон Толгойт голын эргийн бэхэлгээнд үерийн хамгаалалт хийх үндсэн гол ажил байгаа. Санхүүжилтийн хувьд 7.9 сая ам.доллараар хэрэгжиж байгаа. Өмнө нь 2019-2023 онд хэрэгжиж байсан. Энэ удаагийн төсөл гэр хорооллын хувьд ус цэврийн байгууламж, үерийн хамгаалалтыг яаж, ямар шийдлийг гаргавал иргэд маань амьдрахад таатай болох вэ гэдэг талаас нь харж ажиллах болно. Тухайлбал, хотын тогтвортой ус зайлуулах технологийг бий болгох. Тэр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах зорилготой. Үүнд, гэр хорооллын хашааны түвшинд ус зайлуулах системтэй болгох, зайлуулагдсан ус нь гудамжиндаа ороод хураагддаг байдлаар шийдэх, хураагдсан ус нь тодорхой хэмжээнд дүүрээд хотын нийтийн системд зайлуулагддаг байж болохоор шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.”
БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам:
“Эхний үе шатны төсөл маань 2019-2023 онд хэрэгжиж байсан. Монгол улсын хувьд нийт хүн амын 3.2 хувь буюу түүнээс дээш хувь нь хот суурин газарт амьдардаг. Хот суурин газар амьдарч байгаагийн хувьд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, орон нутгийн төлөвлөгөө боловсруулах хэрэгцээ шаардлага гардаг. Өнөөдөр бид бүхэн үндэсний дасан зохицох төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд тэргүүлэх найман салбар байдаг. Үүний нэг нь сүүлийн жилүүдэд гарч байгаа гамшигт үзэгдлийн тоо нэмэгдсэн, үер усны аюул нүүрлэсэн ийм нөхцөл байдалд өмнөх онд хэрэгжүүлсэн энэхүү төслөө бататгаад 2023-2027 оны хооронд дахин хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй гэж бодож байна. 2019-2023 онд хэрэгжүүлсэн Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн үерийн байгууламж, далан байгуулах ажлуудтай газар дээр нь танилцсан. Эдгээр ажлууд хийгдсэний дараа үерийн дараах нөхцөл байдал хэвийн байсан. Тухайн хорооны иргэдийн сэтгэл санамж дүүрэн байгаа нь энэ төслийн үр шимийг хүртсэнтэй холбоотой байх. Одоо эхэлж байгаа төслийн хүрээнд орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөөнүүдийг гаргана. Зөвхөн Улаанбаатар хотын хүрээнд биш орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тодорхой ажлуудыг санал болгож хэрэгжүүлнэ.”
Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны засаг дарга Б.Батбаяр:
“Энэ жил хур тунадасны хэмжээ өмнөх жилүүдээ бодвол харьцангуй өндөр байлаа. Манай хорооны баруун зүүн хэсгүүдээр Баянхошууны бүх уулын ус манай хорооны бүс нутгаар дамжин өнгөрдөг. Тийм учраас тус бүсэд байрлалтай айлууд үерт өртөх магадлал өндөр. Ийм эрсдэлтэй нөхцөл байдлын үед НҮБ-ын Хабитат төслөөс манай хороонд санал тавьж хамтарч, далан суваг босгох тал дээр дүүргийн тамгын газар, хорооны зүгээс тухайн бүсэд байгаа айл өрхүүдийг эрүүл аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлэх бүс газрыг бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр эрүүл аюулгүй тав тухтай байдал үүсэж, үерийн аюулаас бүрэн чөлөөлөгдөх боломжтой болох юм. Иргэд аюултай бүс орчимд буух, өөр буух газар байхгүй гэдэг шалтгийг хэлж тухайн газар байрлаж байна. Ийм нөхцөл байдалд дүүргээс арга хэмжээ авч эдгээр айл өрхийг нүүлгэж шилжүүлэх ажлыг хийх нь зөв юм гэдэг шийдэлд хүрсэн. Иймээс сургууль, авто зам, дэд бүтэц хөгжсөн газар луу иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг хийнэ. Энэ ажлын хүрээнд далан барих ажлыг эхлүүлнэ.”
Холбоотой мэдээ