Хуучирсан мэдээ: 2023.08.17-нд нийтлэгдсэн

Амлав, унав…

Амлав, унав…

Амлав, унав…

Хууль зөрчиж зөвшөөрөл олгосон албан тушаалтан, авлига өгч, барилга барьсан хувийн хэвшилээр хохирлыг нөхөн төлүүлэх тухай мэдээлэл хийгээд “Хууль байгаа юм бол буулгана” гэж мэдэгдсэн.

Гэтэл авлига хороололд орон сууцны зөвшөөрөл олгосон хүн өөрөө болж таарсан. “Дамшиг минь, идэх гээд эрхийгээ, долоох гээд долоовроо идчих вэ дээ” гэгчээр л ямар ч үнээр хамаагүй өөрсдөөсөө хариуцлага холдуулах гэсэн нь буруутав.

Хувьтай хүн хур борооноор гэж монголчууд бэлэгшээдэг атал хотын даргын толгойны өвчин бороо болов. Мэдээж өнөөгийн орц, гарцгүй, үер зайлуулах байгууламжгүй, ямар ч төлөвлөлтгүй хотыг тэр ганцаараа бий болгоогүй нь үнэн. Гэхдээ оролцсон нь бас үнэн.

Их хотын энгийн хэмнэл аль хэзээний алдагдаж, жирийн байгаль, цаг уурын үзэгдэл болоход л хэцүүдэх хэмжээнд аль хэзээний хүрсэнийг түгжрэл, цас, бороо сануулсаар ирсэн. Тэр тоолонд гал унтраах, иргэдийн тархийг угаахад их ач холбогдол өгөөд газрын наймаа, хууль бус бүхнийг өөгшүүлж ирсэний балгийг Су.Батболдын үеэс мэдэгдсэн. Цас орж, халтиргаа гулгаа ихсэх тоолонд иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээ хохирч, эрх баригчдыг огцрохыг шаардахад “Э.Бат-Үүлийн үед орж байснаас илүү цас орсон” гэх тэнэг мэдээ гаргаж, хүүхэд нохойн доог болсон.

Жам ёсны эсрэг зогссон бүхэн цагийн эрхэнд нуран унадаг хуулийг яалтай. Өвөлдөө утаа, хавартаа халдварт өвчин, зундаа үер усны аюул, намартаа сургууль, цэцэрлэгийн асуудал байнга сөхөгддөг. Одоо ч хэвээрээ. Гучин жилд буруу өгөх дуртай нам тэрхүү 30 жилийн дөрөвхөн жилийг эц тооцвол өөрсдөө дандаа эрх барьсан.

Өнөөдрийн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар шиг шударга дүр эсгэн, хариуцлага тооцсон болоод өнгөрч, хээл хахууль, авлига, буруу бүхэнтэй тэмцэх тухай лоозонг М.Энхболд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар хэлж л байсан. Харин хэлснээсээ эсрэг хийснийг нь өнөөдрийн гамшиг харуулж байна. Тэд баяжсан, хот сүйрсэн.

Хотын нэг барилгын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх хүртлээ ялзарчээ.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар танилцуулахдаа “Мэргэжлийн шинжээчид дүгнэлтээ гарган, учирсан хохирлыг Засгийн газар прокурорын байгууллагын хуульд заасны дагуу УЕП-т “ийм хэмжээний хохирол учирчээ, төрийг төлөөлж эдгээр ААН-ээс учруулсан хохирлыг нэхэмжлэх талаар иргэний эрх зүйн хор уршгийн харилцааг үүсгэ” гэдэг асуудлыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэгжүүлсэн” гэж мэдэгдэв. Чөлөөт зах зээл байхгүй тухай өмнө нь ярьж, хувийн хэвшлээ дарамталдаг байсан бол өдгөө бурууг хувийн хэвшилд үүрүүлэх тухай ярьж байна.

Монголд хууль байдаг ч түүнийг хэрэгжүүлэх ёстой Засгийн газраасаа эхлээд төрийн бүх шатандаа зөрчиж, хувьдаа ашиг хонжоо олох хэрэгсэл болгож ирсний гайгаар өнөөдөр Улаанбаатарт тавхан минутын бороо ороход явган явах боломжгүй болтлоо үерт автаж байна. Гэтэл усан сан, ус зайлуулах байгууламжийг барих тухай бус 1966, 1982 оны үер шиг хэмжээтэй бороо орсон талаар троллуудаараа сэвүүлж суух. Дурдсан онуудад ч, өнөөдөр ч Монголын төрд түүний хор хохирлыг судлаад гаргаад ирдэг улстөрчдөөс хамааралгүй ганц мэргэжлийн байгууллага алга.

Ашгүй намрын эхэн сар гарлаа. Үерийн аюул холдсон ч утаа өмнөөс угтана. Сайжруулсан шахмал түлшээр шоудсан эрх баригчид буцаад нүүрсээ түлэх тухай, түүнийгээ бүр Хятадаас импортлох тухай дэмийрээд сууж байна. Сургууль хүрэлцээгүй хэвээрээ.

Товчхондоо тэд энэ бүх асуудлыг амласан. Харин хугацаанаасаа өмнө уначихлаа. Бид ч өөрсдийнх нь халааснаас гарах мөнгийг нь өрөөлд тараах тухай үлгэр ярихад нь итгээд сонгоод сууж байдаг инээдэмтэй улс. Тэгсэн хэр нь, “монгол ухаан” гэж магтахыг нь яана. Үнэхээр тийм ухаан бидэнд байгаад түүний ачаар өдий зэрэгтэй яваа бол түүний ч хэрэг алга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж