Дотоод хэргийн их сургуулийн оюутнуудыг бага дарга нар нь зодож, дарамталдаг гэх мэдээллийн дагуу тус сургуулиас тайлбар хийлээ. Тодруулбал, ДХИС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэгчид их сургуулийн Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад сууж байгаа бөгөөд энэ үеэр уг асуудлууд гарч байгаа талаар цахим хуудаст бичжээ.
Тус сургуулиас "Өчигдөр буюу наймдугаар сарын 16-нд твиттер болон бусад цахим хуудаст ДХИС-ийн оюутнуудыг бага дарга зодож, дарамталдаг гэсэн утга бүхий мэдээлэл нийтлэгдсэн. Анхлан мэдээлсэн эх сурвалжтай бид холбогдож, мэдээллийг тодруулахад хариу тайлбар өгөөгүй бөгөөд тус мэдээлэлтэй холбоотойгоор сургалт явуулж буй төвд сэтгэлзүйчдийн баг ажиллаж байна.
Сэтгэлзүйчдийн багийн урьдчилсан дүгнэлтээр дарамт шахалтад суралцагчид өртөөгүй гэдэг нь тогтоогдсон. Өнөөдөр ч гэсэн сэтгэлзүйчдийн баг ажиллаж байна. Сургалт, дадлагын төвд нийт 400 орчим оюутан байгаа бөгөөд оюутан тус бүрээс тайлбар, мэдээлэл авч, ярилцаж байгаа.
Их сургуулийн зүгээс жил бүрийн элсэлтийн шалгалт, сургалтад хамрагдаж буй хүүхдүүдийн ар гэрийн төлөөлөлтэй байнга холбоотой ажиллаж, мэдээлэл солилцдог бөгөөд өнөөдрийн байдлаар ар гэрээс болон сургалтад хамрагдаж буй суралцагчдаас сургалтын үйл ажиллагаа, харилцааны зөрчил дутагдалтай холбоотой гомдол санал ирээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Холбоотой мэдээ