Нэмэлт: Сангийн сайд асан О.Болорыг хилээр гарахыг хязгаарлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн хувьчлал зэрэгтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.
Тус хэрэгт яллагдагчаар татагдаад буй Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлээд байгаа бол ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхоныг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Тэгвэл уг хэрэгт холбоотойгоор Сангийн сайд асан Б.Болорт мөн Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Мөн Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хурал өнөөдөр 16.00 цагт товлогджээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан О.Орхонд урьд авсан нэг тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх санал ирүүлжээ.
Тодруулбал түүнд хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэж, Монгол Улсын хилээр гарахыг хориглох шийдвэр гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор О.Орхонд урьд авсан мөнгөн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг ийнхүү өөрчилжээ. Тэрбээр ХХБ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ.
Холбоотой мэдээ