Хичээлийн шинэ жил дөхөх тусам их, дээд сургуулиудын төлбөрийн асуудал хөндөгдөж, эцэг эхчүүдийн нуруун дээр хүндхэн ачаа ирдэг. Оюутнуудын хувьд ч ялгаагүй сургалтын төлбөр нэн тэргүүний асуудал болдог. 2023-2024 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр хэрхэн нэмэгдсэн талаар мэдээллийг хүргэж байна.
МУИС-ийн жилийн төлбөр дунджаар 2.9 сая төг байна. Ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн төлбөр өнгөрсөн онд 98600 төгрөг байсан. Харин мэргэжлийн суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 100-120 мянган төгрөгийн хооронд байжээ. Тэгвэл энэ хичээлийн жилд ерөнхий суурь хичээлийн төлбөр 123300 болж 25300 төгрөгөөр нэмэгдсэн байна.
МУБИС-ийн сургалтын төлбөр дунджаар 2.3 сая төгрөг байна. Тодруулбал, өнгөрсөн онд нэг кредит нь 78-94 мянган төгрөгийн хооронд байжээ. Харин энэ жил нэг кредит хичээлийн төлбөр 93600-112800 төгрөг болж 19 мянган төгрөгөөр нэмэгджээ.
ШУТИС-ийн хувьд хөтөлбөрөөсөө хамаараад нэг кредитийн үнэ харилцан адилгүй бөгөөд дунджаар 107 мянган төгрөг байжээ. 2023-2024 оны хичээлийн жилд энэ нь 47 мянган төгрөгөөр нэмэгдэж 157274 болсон байна.
СЭЗИС-ийн нэг жилийн төлбөр нь дунджаар 5.9 сая төгрөг байдаг. Ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 2022-2023 оны хичээлийн жилд 185 мянган төгрөг байжээ. Харин энэ жил 212-250 мянган төгрөг болж 27-65 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
АШУИС-ийн Уламжлалт анагаах ухааны ангийн нэг кредитийн төлбөр хамгийн багадаа 40700 төгрөг болдог. Харин Хүний их эмч, Шүдний их эмч зэрэг эрэлт сайтай ангиудын нэг кредитийн төлбөр нь 117610 байсан. Энэ жилийн хувьд Уламжлалт анагаах ухааны ангийн нэг кредитийн төлбөр 67200 төгрөг, Шүдний их эмчийн анги нь 130 мянган төгрөг болж, дунджаар 26500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Улаанбаатар их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөр 3.4-3.6 сая төгрөгийн хооронд байна. Тус сургуулийн хувьд төлбөрийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийгээгүй байна.
Холбоотой мэдээ