"Nas Daily" Дэлхийг 60 секундэд

Хуучирсан мэдээ: 2023.08.17-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

"Nas Daily" Дэлхийг 60 секундэд

"Nas Daily" Дэлхийг 60 секундэд

Дэлхийн хэмжээний контент бүтээгч “Nas Daily”-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин Монгол Улсад хүрэлцэн ирээд буй. Тэрбээр аяллынхаа эхний өдөр Сүхбаатарын талбайд олон залуусыг цуглуулж, контентоо эхлүүлсэн билээ. Ньюс агентлаг ХҮМҮҮС булангийнхаа энэ удаагийн дугаарт Нусейр Ясиныг онцолж байна. 


Нусейр Ясин 2016 оноос контентоо эхлүүлсэн бөгөөд өдгөө түүний инстаграм хуудас 4.4 сая дагагчтай. Олон хүнтэй уулзаж, танилцах зорилгоор энэхүү контентоо анх эхлүүлсэн тэрбээр хэдийнэ 30 сая хүнтэй уулзаж, танилцсанаа, 100 сая гэсэн зорилгынхоо 30 хувийг биелүүлснээ 2020 онд ярьж байв. Фэйсбүүк, Тикток, Инстаграмд өдөр бүр нэг минутын сонирхолтой контент оруулж эхэлснээр өдгөө түүний 1000 гаруй чанартай контент хэдийнэ олны хүртээл болсон. 

Нусейр Ясин 1992 онд Израилийн Арраба хотод палестин гаралтай муслим гэр бүлд, дөрвөн хүүхдийн хоёр дахь нь болж мэндэлжээ. Израилийн иргэншилтэй Палестины араб учир тэр өөрийгөө Палестины израил хүн гэдэг. Түүний ээж нь багш, аав нь сэтгэлзүйч байсан. Муслим гэр бүлд өссөн ч гэлээ тэр хожим нь ислам шашин шүтэхээ больж, өөрийгөө шашингүй муслим гэж тодорхойлжээ. 

Түүний төрөлх хэл нь палестины араб бөгөөд англиар чөлөөтэй, еврей хэлээр ойлголцох хэмжээнд ярьдаг. 

Ясин 19 насандаа АНУ-ын Харвардын их сургуульд сансар судлалын инженер мэргэжлээр суралцах хүсэлт гаргаж, тэтгэлэг авчээ. Элсэлтийн эссэндээ тэр Израильд төрсөн уугуул араб хүний хувиар мөрөөдлөө биелүүлэх тухайгаа бичсэн байна. Улмаар 2014 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд компьютерийн ухааны бакалаврын зэрэгтэй. Эрдмийн зэрэг хамгаалах явцдаа тэр төлбөр төлдөг бүртгэлийн үйлчилгээ, нийгмийн сүлжээний хайлтын системийг үүсгэн байгуулалцжээ. 

2014 оны есдүгээр сараас тэр Нью-Йорк дахь “Venmo” компанид програм хангамж хөгжүүлэгчээр ажилд орсон. “Venmo” нь гар утасны төлбөрийн “PayPal” үйлчилгээг эрхэлдэг. 

Гэвч дэлхий дахиныг таниж, үүнийгээ бичлэгээр баримтжуулах санаачлагаас улбаалаад 2016 онд ажлаасаа гарчээ. Ийнхүү “Nas Daily” буюу “People Daily” контентоо эхлүүлсэн. 2018 оны эхэн үед Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербергтэй уулзсаны дараа түүний контент шоу хэмжээнд болж түвшин ахижээ. Ингээд 2018 оны есдүгээр сард түүний цахим хуудас найман сая гаруй дагагчтай болж, тухайн жилийнхээ арваннэгдүгээр сард 10 сая давжээ. 

Ясины нэг минутын урттай бичлэгүүд анх Фэйсбүүкт нийтлэгддэг байв. Найзууд нь байдаггүй гэх мэт шалтгаанаар бичлэгүүдээ “Youtube”-д нийтэлдэггүй гэж 2017 онд тэр хэлж байжээ. Гэхдээ 2019 оноос “Nas Daily Official” нэртэй “Youtube” хуудсаа нээсэн байна. 

Бичлэг нэг бүрт зургаан цагийг дунджаар зарцуулдаг бөгөөд засварлахад 3-4 цаг болдог. Ингээд эцэст нь ердөө нэг минутын утга төгөлдөр, өнгө үзэмжтэй бичлэг дэлхийн сая сая үзэгчдийн хүртээл болдог ажээ. Анхандаа тэр фэйсбүүкийн дагагчдынхаа хүсэлтээр бичлэгийнхээ сэдвийг сонгодог байв. Бичлэг бүрийн төгсгөлд тэр “Ингээд нэг минут боллоо, маргааш уулзья” гэж хэлдэг. Үзэгчдийнх нь дунд англиар ярьдаггүй хүмүүс олон байдаг тул бичлэгийнхээ тайлбар хэсгийг урду, турк, тайланд, индонези, япон, хинду, хятад, араб гэх мэт янз бүрийн хэлээр өгдөг. 

Түүний бичлэгийн хамтрагчдыг дурдвал, америк израиль гаралтай найз бүсгүй Аляне Тамир, Польшийн блоггер Агон Хэйр нар юм. 

Ясин 2019 оны нэгдүгээр сарын 5-нд 1000 дахь бичлэгээ оруулсны дараа өдөр бүр бичлэг оруулдаг заншлаа өөрчилжээ. Энэ өдөр тэр бичлэгээ дуусгахдаа “Маргааш уулзья” биш “Удахгүй уулзья” гэж хэлсэн юм. Ингээд мөн оныхоо хоёрдугаар сарын 5-ны өдөр долоо хоногт нэг бичлэг нийтлэх төлөвлөгөөтэйгөөр эргэн иржээ. Тэр 2021 оны эхэн үеийг хүртэлх 100 долоо хоногийн төлөвлөгөөтэй байв. 

Контент бүтээгчдэд зориулсан “Nas Academy” болон өөрийн гэсэн студиэ тэр 2020 онд үүсгэн байгуулжээ. Түүнчлэн хэд хэдэн подкастыг олны хүртээл болгосон. Өдгөө Нусейр Ясин Дубайд амьдарч байна. “Дэлхийг 60 секундэд: Nas Daily-ын аялал” нэртэй түүний дурсамж нэвтрүүлэг 2019 оны арваннэгдүгээр сард цацагджээ. 

Covid-19 цар тахлын хүнд хэцүү үед түүний контентууд нийгмийн сэтгэл санааг өргөхөд багагүй дэмжлэг үзүүлсэн гэдэг. 

Тэр “Nas Daily” контентоо бичлэг үйлдвэрлэгч биш түүх өгүүлэгч гэж хэлдэг. “Бичлэгүүд нь зүгээр л хүмүүсийн түүхийг дамжуулах хэрэгсэл юм. Бид видео үйлдвэрлэдэг компани биш гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Түүх ярих, мессеж хуваалцах хамгийн зөв арга бол видео” гэж тэр нэгэн ярилцлагадаа хэлж байв. Мөн жижиг ч бай, том ч бай дэлхийд эерэг ул мөр үлдээхийг гол зорилгоо болгож ажилладаг гэжээ. 

Дэлхийгээр аялангаа фэйсбүүкт бичлэгээ оруулахыг олон хүн хамгийн хөгжилтэй ажил гэж боддог. Энэ талаар түүнээс сэтгүүлч асуужээ. “Хүмүүс хөгжилдөхийг хүсдэг атлаа үүнийхээ төлөө ажиллах хүсэлгүй байдаг. Үүнийг хийхэд ямар хэцүү байдгийг хүмүүс мэдэх юм бол ийм амьдралыг хүсэхгүй нь лавтай” гэж тэр хариулсан байна. 

Эх сурвалж: OUTLOOK, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж