УНТЭ-ийн Зүрхний төвийн дарга, клиникийн профессор, анагаах ухааны магистр, зөвлөх зэргийн эмч Л.Анхбаяртай ярилцлаа.
–Зүрх бол хүний биеийн цорын ганц зогсолтгүй ажилладаг эрхтэн. Хүний биед энэ эрхтэн ямар чухал үүрэг гүйцэтгэдэг тухай тайлбарлаж өгөөч?
-Зүрх нь нэг минут, нэг секунд зогсох боломжгүй ажилладаг. Энэ утгаараа зүрхийг амин чухал эрхтэн гэж үздэг. Хүний биед насосны үүргийг гүйцэтгэн эд эрхтнүүдийг хүчилтөрөгчөөр баялаг цусаар хангаж өгдөг.
Хүний зүрхний нийт жин 250-300 грамм.
Нэг минутад 75-80 удаа цохилж, цохилох бүрдээ 300-350 грамм цус түгээдэг. Зүрх тайван ажиллаж байхдаа нэг минутад таван литр цусыг шахаж чадна. Харин хүнд хөдөлмөр хийж байх үед дөрөв дахин их буюу 20 литр цус шахдаг.
-Зүрх судасны шалтгаант нас баралт дэлхийд дээгүүрт бичигддэг. Харин Монголд энэ төрлийн өвчлөл ямар байна вэ?
-Эрүүл мэндийн яамнаас гаргадаг эрүүл мэндийн үзүүлэлтээр хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчлөлд зүрх судасны тогтолцооны эмгэг эхний гуравт бичигддэг. Монголд 1990-ээд оноос өмнө халдварт өвчин их байсан бол одоо халдварт бус өвчлөл их байгаа. Энэ нь хүмүүсийн зан үйл, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой. Тийм учраас иргэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэгтээ хамрагдсанаар өвчний хүндрэл, өвчлөлөөс сэргийлж чадна.
Зүрх судасны шалтгаант нас баралтын хувьд зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхийд тэргүүлдэг. Өнгөрсөн 2022 оны байдлаар зүрх судасны тогтолцооны эмгэг нь нийт нас баралтын 32 хувийг эзэлж буй.
Цаашдаа энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Зүрх судасны тогтолцооны эмгэг дотроо зүрхний шигдээс, харвалт, даралт ихсэх өвчин их байна. Өвчтнүүдийг хүйсээр нь авч үзвэл, 60 хувь нь эрчүүд. Тэдний 55 хувь нь ид хөдөлмөрийн насных байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаж, амьдралын зөв дадал хэвшил, нийгмийн хүчин зүйлээ зохицуулж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх шаардлагатай байна.
-Зүрх судасны өвчлөл улам залуужиж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж буй. Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Зүрхний төвд залуус хэр хандаж байна?
-Ер нь 25-35 насны залуус өөрсдийгөө эрүүл саруул, хэзээ ч өвдөхгүй юм шиг бодож явдаг нь том алдаа. Гэтэл залуусын өвчлөлд тамхи, архи, жингийн илүүдэл, стресс сөргөөр нөлөөлж байна. Энэ бүхэн зүрх судасны тогтолцооны эмгэгийн эрсдэлт хүчин зүйл болж, цаашилбал үхлийн шалтгаан болно.
Энэ утгаараа өнөө цагт эмч нар эмэн эмчилгээ гэхээс илүү амьдралын зөв хэв маяг, хооллолт, хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд талаасаа анхаарахыг зөвлөдөг болсон.
Ялангуяа эрчүүдийн хувьд 30 наснаас эрүүл мэндийн зорилтот бүлэгт ордог. Тийм учраас даралт, сахар, өөх тосны солилцоогоо хянахыг зөвлөе.
-Хүмүүс цар тахлын дараа цус өтгөрөх, зүрх өвдөх гэх мэт зовиурыг хэлж байна. Та ийм хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Covid-19-ийг үүсгэж байгаа вирус нь зүрх судасны тогтолцоог зохицуулдаг механизмыг гэмтээж, цус бүлэгнэлтэд нөлөөлдөг. Энэ утгаараа зүрх судасны эмгэггүй байсан хүн эмгэгтэй болж, эмгэгтэй байсан хүмүүсийн өвчин хүндэрч байна. Цар тахлын дараагаар зүрх нь өвдөх хүмүүсийн тоо эрс нэмэгдэх болсон.
-Сүүлийн үед залуус зүрхний шигдээсээр нас барах тохиолдол гарч байна. Энэ нь ямар учир шалтгаантай байдаг бол?
-Зүрх зогсолт нь зүрхний, зүрхний бус гаралтай байж болдог. Зүрхний гэхээр зүрх томрол, зүрхний хэм алдалт, титэм судасны шалтгаант байж болно. Бусад өвчнөөс гэвэл чихрийн шижин, бөөрний дутагдал, архины хордлого, гүйлгэлт суулгалт хүртэл тодорхой нөхцөлд зүрхэнд нөлөөлдөг. Иймд залуус эрт илрүүлэгт орох шаардлагатай байна.
-Тэгвэл хүмүүс зүрхээ яаж хайрлах вэ?
-Нийгмийн хүчин зүйл болох өнөөгийн тулгамдсан асуудал стрессээ зөв тайлах, амьдралын зөв дадалд суралцах нь чухал. Хорт зуршлаасаа татгалзаж, хоолны хэрэглээгээ хянаж, зөв хооллох нь зүйтэй.
Холбоотой мэдээ