Хуучирсан мэдээ: 2023.08.17-нд нийтлэгдсэн

Азийн де-факто НАТО

Азийн де-факто НАТО

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Япон, Өмнөд Солонгосын удирдагч нартай дээд хэмжээний уулзалт хийж, технологи, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Тэгвэл энэ уулзалтын зорилго нь зарим ажиглагчдын нэрлэж буйгаар "Азийн де-факто НАТО"-г байгуулах гэж таамаглаж, Хятад улсын зүгээс үүнд онцгой анхаарал хандуулж байгаагаа мэдэгджээ.

Жо Байден маргааш /2023.8.18/ Мэрилэндийн хөдөө тосгонд байрлах Кэмп Дэвидэд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл, Японы ерөнхий сайд Фүмио Кишида нартай анхны гурван талт дээд хэмжээний уулзалтыг хийнэ.

"Тэд баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах систем, технологийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөгөө зарлах төлөвтэй байна" гэж АНУ-ын өндөр албан тушаалтнууд "Ройтерс" агентлагт мэдээлжээ. Түүнчлэн гурван улсын удирдагч нар зөрчил, хямралын үед ашиглах шинэ утсан холбоог айгуулж, ирээдүйд жил бүр цуглахаар тохиролцох гэнэ. 

Харин Хятадын Гадаад хэргийн яамны  хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин мэдэгдэлдээ, "Бээжин нь "холбогдох улс орнууд янз бүрийн жижиг тойргийг нэгтгэхийг эсэргүүцэж байна. Түүнчлэн сөргөлдөөнийг хурцатгаж, бусад орны стратегийн аюулгүй байдалд аюул учруулах үйл ажиллагааг эсэргүүцэж байна. Холбогдох улс орнууд цаг үеийн чиг хандлагыг дагаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тустай ихийг хийх ёстой" гэв.

Хятадын зүүн хойд нутгийн Ляонин их сургуулийн Америк, Зүүн Ази судлалын хүрээлэнгийн захирал Лу Чао хэлэхдээ, "Баасан гаригт болох уулзалт нь гурван талт цэргийн эвсэл байгуулахад хүргэж болзошгүй бөгөөд энэ нь Бээжингийн бухимдлыг төрүүлнэ" гэж дүгнэжээ. 

"Төрийн тэргүүнүүдийн тогтмол уулзалтын механизм, цэргийн талын хамтын ажиллагааны тогтсон механизм нь гурван талт цэргийн эвслийг бодитойгоор бий болгоход чиглэнэ" гэж Лу Чао тайлбарлаж байна.

Гурван талт уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад Хойд Солонгос орох төлөвтэй байгаа ч дээд хэмжээний уулзалтын төгсгөлд гарах хамтарсан мэдэгдэлд Бээжин-Тайванийн асуудлыг дурдах нь  тодорхой гэж Хятадын ажиглагчид мэдэгджээ.  "Хятад улс дээд хэмжээний уулзалтад, ялангуяа Тайванийн асуудлыг хөндөх гэж байгаа бол өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Хэрэв тэд дээд хэмжээний уулзалтаар Тайванийн асуудлыг олон нийтэд дэлгэвэл энэ нь Хятадыг хүчтэй өдөөн хатгасан үйлдэл гэж үзэж, Ази, Номхон далайн тогтвортой байдалд аюултай алхам болно" гэж Лу Чао тайларлав. Бээжин Тайванийг салан тусгаарласан муж гэж үзэж, шаардлагатай бол хүчээр нэгтгэж болно.

АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг ихэнх улсууд Тайванийг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрдөггүй ч арлыг хүчээр авах гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцдэг. 

"Хамтарсан мэдэгдэлд Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах талаар ерөнхий ажиглалтууд багтсан байх боловч эцсийн мөч хүртэл тодорхой үг хэллэгийг хэлэлцэнэ" гэж АНУ-ын нэрээ нууцалсан албаны хүн "Ройтерс" агентлагт ярьжээ.

Уулзалтын өмнө Жо Байдены засаг захиргаа Хятадыг эсэргүүцэх Азийн цэргийн эвслийг бэхжүүлэх кампанит ажлын хүрээнд Вашингтоны гэрээний холбоотон Япон, Өмнөд Солонгосыг нэгтгэх зорилгоор хэдэн сарын турш дипломат арга хэмжээ явуулсан гэж үзэж байна. 

АНУ нь 1951 онд Японтой харилцан хамтын ажиллагаа, аюулгүй байдлын гэрээ байгуулсан бол 1953 онд Солонгосын дайны хэлэлцээрийн дараа Сөүлтэй харилцан батлан ​​хамгаалах гэрээ байгуулжээ.

Өмнөд Солонгос, Япон улсууд нь  ялангуяа Токиогийн колончилол, газар нутгийн асуудлаас болж хэцүү түүхтэй. Гэвч Хятад улс, Оросын цэрэгжилт, цөмийн зэвсэгтэй Хойд Солонгос зэрэг нь хоёр хөршийг бие биетэйгээ болон АНУ-тай ойртуулах хүчин зүйл болж байна. Юн Сук Ёл өнгөрсөн оны тавдугаар сард Хөх ордны тэргүүн болсноосоо хойш Японтой харилцаагаа сэргээж, Хойд Солонгосын өсөн нэмэгдэж буй цэргийн сорилтыг даван туулахын тулд АНУ руу стратегийн гол чиглэлд анхаарах болсон.

Хойд Солонгос өнгөрсөн онд 90 орчим пуужин харвасан нь өмнө нь 2017 онд 25 пуужин харвасан дээд амжилтаас бараг дөрөв дахин их нэмэгдсэн. Түүнчлэн өнгөрсөн сард хамгийн сүүлийн үеийн Хвасон-18 тив алгасах баллистик пуужингаа туршсан нь АНУ болон бусад дайсагнагчдад анхааруулах зорилготой гэж мэдэгдсэн. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт цэргийн үйлдвэртэй танилцах үеэрээ "цэргийн хүчирхэг хүчийг" баталгаажуулж, дайнд бэлэн байхын тулд пуужингийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг уриалсан гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг "KCNA" мэдээлжээ. Уг мэдээлэл Даваа гаригт эхэлсэн АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтын өмнө цацагдсан.

Хамтын хамгаалалтын зарчмын дагуу НАТО-гийн гэрээний 5-р зүйлд нэг холбоотон руу хийсэн дайралт нь эвслийн бүх гишүүн орны эсрэг халдлагад тооцогддог.

Харин Бээжингийн Цинхуа их сургуулийн бүс нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Лю Жианён дээрх уулзалтаар НАТО-той дүйцэхүйц гурван талт эвсэл байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа тайлбарлажээ. Тэрбээр "Гурван улс НАТО-гийн орнууд шиг бие биедээ хүлээсэн аюулгүй байдлын үүрэг амлалтгүй бөгөөд Япон, Өмнөд Солонгос нь холбоотон биш аюулгүй байдлын түншүүд юм. Гурван улсын стратегийн зорилго ч өөр. АНУ -ын стратегийн зорилго нь Япон, Хятадыг голлон онилж байгаа бол … Харин Сөүлийн хувьд Хойд Солонгосын эсрэг илүү их цэргийн саатуулах хүчин бий болгохын тулд АНУ, Японтой аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг оролдож байна. Гэхдээ Хятадын эсрэг хамтарсан цэргийн сургуулилт, гурван талт зөвлөлдөх уулзалт үргэлжлэх болно" гэж тайларлав.

Юн Сук Ёл Мягмар гаригт Солонгосын хойгийг Японы колоничлолоос чөлөөлсний 78 жилийн ойд зориулан хэлсэн үгэндээ, "Манай улс Пёньянаас ирж буй цөмийн аюулыг арилгахын тулд АНУ, Японтой аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ" гэжээ.

Сөүлийн Согангийн их сургуулийн олон улсын харилцааны профессор Ким Жэ Чун мөн гурван талт цэргийн технологийн хамтын ажиллагаа Хойд Солонгост голлон чиглэнэ гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, "Өмнө нь Хойп Солонгосын пуужингийн сэрэмжлүүлгийг хуваалцах талаар хэлэлцэж байсан бол одоо Пёньяны баллистик пуужингуудыг радар болон пуужингийн зэвсгийн системийг ашиглан сөнөөх сургуулилалтад анхаарлаа хандуулах болно. Энэ нь Хойд Солонгосын цөмийн бүтээн байгуулалтыг зогсооход маш их ач холбогдолтой гэж би бодож байна. Гэсэн ч Хятад улс Өмнөд Солонгосыг АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системд оруулахыг эсэргүүцнэ" гэсэн байна.

Гурван талт дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн хамтарсан мэдэгдэл нь Хятадыг заналхийлэх магадлал багатай ч гурван талт дээд хэмжээний уулзалтын зорилгоос үл хамааран АНУ-Хятадын өрсөлдөөн аль хэдийн стратегийн өрсөлдөөн болж хувирсан гэж тэрбээр тайларлажээ. "Одоогийн хандлага нь Хятад-Орос-Хойд Солонгосын хамтын ажиллагаа Зүүн Хойд Азид бэхжиж, АНУ-Өмнөд Солонгос-Японы харилцаа ч үүний хариуд нэмэгдэж байгааг харуулж байна… Хоёр тал бие биенээ барьж байгаа бололтой" гэж тэрбээр дүгнэв.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж