"Үерт өртсөн иргэн, ААН-ийн хохирлыг шинжээчид дүгнэсэн"

Хуучирсан мэдээ: 2023.08.17-нд нийтлэгдсэн

"Үерт өртсөн иргэн, ААН-ийн хохирлыг шинжээчид дүгнэсэн"

"Үерт өртсөн иргэн, ААН-ийн хохирлыг шинжээчид дүгнэсэн"

Улаанбаатар хотод долдугаар сарын 6-8, 23-ны өдөр орсон борооны улмаас нийслэлийн 70 орчим хороо, 200 гаруй орон сууц, байшин сууц, хашаа үерт өртөж, 40 мянга гаруй өрх цахилгаангүй болж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжид эрсдэл үүссэн. ​Үерийн улмаас зоорийн давхар усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн барилгуудад үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгж, иргэд ч хохироод буй.

Эхний ээлжинд хохирсон иргэд санхүүгийн дүнгээ УОК, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд нэгжид мэдэгдэж, хохирлын хэмжээгээ шинжээчийн дүгнэлтээр тогтоолгож байгаа юм. Үүний дараагаар учирсан хохирлын үнэлгээг харгалзаж арга хэмжээ авахыг Улсын Онцгой комиссоос мэдээлсэн.

Үерт өртөж хохирсон хүмүүс эхлээд санхүүгийн өртөг, тооцооллын мэдээллээ урьдчилж явуулж, үүний дараагаар хохирлын үнэлгээг нарийвчлан хийх юм. Гэхдээ хохирлыг төлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг албаныхан мэдэгдсэн.

МҮХАҮТ-аас тодруулахад "үерийн улмаас бизнесийн үйл ажиллагаанд нь хохирол учирсан гэж үзэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд МҮХАҮТ-д хандаж хохирлын дүгнэлт гаргуулж болно. Эхний хандсан иргэд, аж ахуй нэгжүүдийн хүсэлтийн дагуу шинжээчид болон холбогдох хүмүүс ажиллаж хохирлын хэмжээг тогтоож байгаа. Тус дүгнэлтэд үндэслэн даатгалын компаниас хохирлоо нэхэмжлэх хууль, эрх зүйн гаргалгаа бүрдэх боломжтой.

Бидний зүгээс нэгдсэн дүн мэдээг гаргах боломжгүй. Хохирлыг нийтэд нь бус хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжүүдэд тус бүр гаргаж өгдөг учир тоон дүнг нэгтгээгүй. Аж ахуй нэгж, иргэдийн зүгээс эхлээд өөрсдөө хохирлын хэмжээ, тоон дүнгээ урьдчилсан байдлаар мэдэгдэж дараа нь шинжээч болон холбогдох бусад албаны хүмүүс дүгнэлтийг хийж байгаа" гэлээ.

Гэвч хохирсон иргэд, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл учирсан хохирлын хэмжээ, мөнгөн дүнгээ баримт бичигтэй нь харьяа нэгжид хүргүүлсэн ч ямар ч арга хэмжээ авч, хариу өгөхгүй байгааг хэлж байгаа юм. Харин албаныхан үерийн улмаас хохирсон үнэлгээний эцсийн тайлан гаргаагүй учир иргэд, аж ахуй нэгжүүдийн заримтай нь холбогдоогүй болохоо хэлсэн. Ямартай ч иргэд их хэмжээний зээл, өр төлбөртэй үлдэж эд хөрөнгө, өмчөө усанд автуулсандаа гомдолтой байгаа ч зарим хүн үүнийг төрөөс барагдуулах шаардлагагүй гэдэг дээр ч байр сууриа илэрхийлж байгаа.

Хэрэв хохирлын дүнгээ дүгнэлтээр баталгаажуулбал даатгалтай байсан тохиолдолд тодорхой хувийн нөхөн олговор авах боломжтой гэсэн үг.

БАЙГУУЛЛАГА БҮРИЙН ХОХИРЛЫГ ЗГ, УОК ТӨСВИЙН МӨНГӨӨР БАРАГДУУЛАХГҮЙ

Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хоёр долоо хоногийн өмнө мэдээлэхдээ "УОК-оос аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга нарт үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох албан бичгийг хүргүүлсэн байгаа. Тодруулбал Засгийн газраас баталсан үнэлгээний журмын дагуу хохирлын үнэлгээг хийгээд УОК-т танилцуулах үүргийг өгсөн. Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг гаргах ажил тухайн засаг захиргааны нэгжид үргэлжилж байна.

Эхний ээлжинд стратегийн ач холбогдолтой зам дагуу нурсан гүүрнүүдийг сэргээн засварлах хөрөнгийг шийдвэрлэсэн.

Үерийн улмаас иргэд, аж ахуй нэгжид учирсан хохирлын үнэлгээний эцсийн тайлан гарсны дараа УОК Засгийн газарт танилцуулаад ямар байдлаар хохирлыг барагдуулах талаар нарийвчилсан мэдээлэл гарна.

Аж ахуй нэгж, байгууллага бүрийн хохирлыг Засгийн газар, УОК-ын түвшинд төсвийн мөнгөөр барагдуулах нь хүндрэлтэй.

Цаашид иргэд, аж ахуй нэгжүүд гамшгийн эрсдэлийн даатгалд зайлшгүй хамрагдах шаардлагатай. Цаг уурын байгууллагын мэдээлэлд дурдсанаар сүүлд 86 мм аадар бороо орсон нь гамшигт нөхцөл байдал үүссэн. Зөвхөн аадар бороо гэлтгүй өвөл цас зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн үед иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж даатгалд хамрагдах шаардлага гарч байна" гэсэн юм.

УСНЫ УРСАЦЫГ ХУМЬЖ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ААН-ҮҮДЭЭС ХОХИРЛЫГ НЭХЭМЖИЛНЭ

Засгийн газрын өчигдрийн /2023.08.16/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулахдаа Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:

-Цаг үеийн шинжтэй асуудлыг авч хэлэлцсэний нэг нь Улаанбаатар хотод үер усны гамшгийн хор уршгийг арилгах, газар зохион байгуулалттай холбоотой тогтоолыг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Улаанбаатар хотыг үер усны гамшгаас сэргийлэх, газар зохион байгуулалт, төлөвлөлтийг дахин авч үзэх, газрын харилцааг зохицуулах хуулийн төслийг бэлтгэж байна.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд газар зохион байгуулалтын төлөвлөлт алдагдсан. Тиймээс Газрын тухай багц хуулийг намрын чуулганд өргөн барихаар болж байна.

Хуулийн төсөлд газар олголтыг цэгцтэй зохион байгуулах, замбараагүй олгогдсон газруудыг эргэн харах, цуцлах, нөхөн олговор олгох гэх мэт суурь харилцааг шингээсэн төсөл өргөн барих үүрэг даалгаврыг Ерөнхий сайдын зүгээс өглөө. Газрын харилцааг зохицуулж буй Геодези зураг зүйн газрыг Ерөнхий сайд өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд харьяалж ажиллуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах үүрэг даалгаврыг мөн өглөө.

Үер усны гамшгийн талаар шинжээчийн дүгнэлт гаргахыг ОБЕГ-т даалгасан. Энэ дүгнэлтийн дагуу голын ай савд баригдаж, усны урсцыг хумьж, далан шуудуу босгосноос шалтгаалж ойр орчимд гамшиг учруулсан аж ахуй нэгжүүдээс иргэний журмаар хохирол нэхэмжлэх асуудлыг албан тушаалтнуудад үүрэг болгосон. 

Жишээ нь “Авлига хороолол”-ын асуудлаар БХБ-ийн сайд, Байгаль орчны сайд нар голын ай сав газрын хамгаалалтын бүсийн хязгаарыг өөрчилсөн шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан. Дунд голын усны урсцыг боомилж хязгаарласнаас болж ойр орчимдоо үер ус хальсан талаарх дүгнэлтийг онцгой байдлын шинжээчид гаргана. Мөн гамшгийн эрсдэлийг олон улсын байгууллагаар дүгнүүлнэ.

Үер усны гамшгаас учирсан хохирлын нийт хэмжээг мэргэжлийн байгууллагууд нэгтгэж гаргах ажил хийгдэж байна.

Гамшгийн аюулыг буруулах, нөхөн сэргээх ажил гүйцэд хийгдэж амжаагүй байна. Үүнд Засгийн газрын нөөц сангаас болон тухайн аймаг орон нутгийн Засаг даргын нөөц сангаас зардлууд гарч, нүүр даланг нөхөн сэргээх ажил хийгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж