Дунд сургуулийн охин үеийн найзаа зодсоноос эрүүгийн ял шийтгэл хүлээжээ. Насаар нь дагах хар тамга. Насаараа харамсах үйлдэл. Үүнд хамгийн их буруутай хүмүүс бол эцэг эхчүүд. Энэ явдал олон нийтэд ил болсон, цагдаа, шүүхээр ял шийтгэлээ авсан цөөн хэргийн нэг. Ард нь аав ээждээ ч хэлж чадахгүй үе тэнгийнхний хүчирхийлэлд хэчнээн хүүхэд өртөж байгааг хэлэхэд хэцүү.
Хоёр хоногийн өмнө цахим хуудаст нийтлэгдсэн 16 настай хоёр охины нэг нь нөгөөгөө дээрэлхэж, үг яриагаар доромжилж, гутааж, биед нь халдаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдлөг явуулж, уг зодоонд оролцсон хүүхдүүдтэй холбогдсон байна. Хэрэг өнгөрсөн өвөл болсон хэдий ч цахим хуудаст бичлэг тавигдахаас өмнө хуулийн байгууллага мэдээгүй аж. Учир нь тухайн охин хуулийн байгууллагад хандаагүй. Үүнтэй ижил тохиолдол цөөнгүй тул гэр бүл, багш, ойр дотныхон нь өсвөр насны охид, хөвгүүдтэйгээ ярилцаж ийм нөхцөлд орсон эсэхийг нь мэдэх боломжтой юм.
Амьдрах гэр, өмсөх хувцас, идэх хоолыг нь бэлдээд өгөхөд л болно гэсэн сэтгэхүйтэй эцэг эхчүүдийн хандлага, харилцааны золиос нь үр хүүхдүүд болж байна. Сүүлийн үед охид үе тэнгийнхнээ дээрэлхэх явдал багагүй ихссэнийг дунд сургуулийн багш нар ч ярьдаг. Энэ мөн л томчууд бидний алдаатай бодлогын үр дагавар. Охиддоо хүн байхыг үлгэрлэхээс илүү жендерийн эрх ярьдаг нь тэднийг хүчирхийлэгч болгож, ирээдүйдээ том хар толботой үлдэхэд хүргэж буй юм. Жендер нэрээр эмэгтэйчүүдийн эрхийг дөвийлгөх тусам нийгэмд хүчирхийллийн нэг шалтгаан болж буй жендерээр "хооллодог" төрийнхөн, төрийн бусынхан анхаарах цаг болжээ. Хүний тэгш эрхийн тухай ойлголт Монголын нийгмийн хамгийн эмзэг сэдэв болж хувирсан байна.
Өсвөр насны бие болоод сэтгэлзүйн өөрчлөлттэй нүүр тулж байгаа хүүхдүүдэд гэр бүлийнхний анхаарал, хайр халамж дутагдсанаас нэгнээ үгүйсгэх, үл хүндэтгэ, хүчирхийлэхэд хүрч байгааг сэтгэлзүйчид, сургуулийн нийгмийн ажилтнууд сануулах болсон. Тэдний өгч буй зөвлөгөө нь "гэр бүлийн хүмүүжил, төлөвшлийн талаар өсвөр насны хүүхэдтэй хүн бүр анхаарч, тэдэнтэй ярилцаж, тулгамдаж буй зүйлийг нь шийдвэрлэх гаргалгааг хайх нь зүйтэй" гэх үг.
Үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэл ихэвчлэн далд хэлбэртэй явагддаг аж. Сэтгэл санаа, бие махбодиос гадна цахим хүчирхийлэлд өртсөнөөс хүүхэд сэтгэлзүйн насан туршийн шарх авах нь бий. Тэгэхээр үр хүүхдээ анхаарч, ярилцдаггүйгээс хүүхэд сэтгэлзүйн хямралд өртөж, сургууль завсардах, амиа хорлох зэрэг үйлдэл хийдэг болохыг сануулсаар байгаа билээ.
ХҮҮХДЭД СЭТГЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ХУГАЦАА ИХ ШААРДДАГ
Сэтгэлзүйч Ц.ЭНХБАТ:
-Хүүхдүүдтэй ажиллахад сэтгэлзүйчийн мэргэжлийн ур чадвар, харилцах арга техник хамгийн чухал. Тухайлбал, гэр бүл, анги бүлгийн болоод ганцаарчилсан сургалтуудын үр дүн өндөр.
Аав, ээж, гэр бүлийнхэн нь ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй орхигдсон хүүхдүүдтэй ажиллахад л хүндрэл их гардаг.
Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангиудад 40 минутаар хоёр удаа, өдөрт нийт гурван удаагийн сэтгэлзүйн сургалт ордог. Улсын сургуулиудад сэтгэлзүйн зөвлөгөөний цаг өдөрт тогтмол таван цаг байдаг. Тухайн цагтаа багтааж хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллана, тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг.
Сэтгэлзүйн асуудалтай хүүхэдтэй ажиллахад эхний 1-2 удаагийн уулзалтад оношилгоог хийдэг. Түүний дараагаар цаашид хэдэн удаагийн уулзалт хийж, сэтгэл заслын ямар үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөг гаргадаг байгаа.
Өмнө нь хүүхдүүд нэгнээ сэтгэлзүйчийн зөвлөгөөний өрөөнөөс гарахад “энэ хүүхэд мэдрэл муутай болчхож, сэтгэлзүйн асуудалтай юм байна” гэж гадуурхах, шоглох тохиолдол их байсан. Одоо бол өөрчлөгдсөн. Хүүхдүүд хүн бүрд асуудал байдаг гэдгийг таньж мэддэг болсон.
Сэтгэлзүйчид хамгийн их ханддаг хүүхдүүд бол 7-11 дүгээр ангийнхан. Бага ангийнхны хувьд гэр бүлээр нь дамжуулж харилцах нь илүү оновчтой байдаг.
Дэлхийн жишгээр бол 500 хүүхдэд нэг сэтгэлзүйч ногдох ёстой. Гэхдээ монголд энэ нь одоогоор боломжгүй. Тиймээс боловсролын салбарт сэтгэлзүйч, сэтгэл заслын эмч гээд багийг бүрдүүлж хамтарч ажиллах нь өнөөгийн нөхцөлд илүү оновчтой. Байгууллагын боломж, хүний нөөцөд тулгуурлаж шийдлийг эрэлхийлнэ гэх үү дээ. Ингэснээр хүнд чиглэсэн үйлчилгээ маань илүү хүртээмжтэй болж чадна.
Сошиал хөгжсөн өнөө үед үе тэнгийн дарамт шахалт, маргаан зэргийг цахим хуудаст шууд нийтлэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд хохирогч болоод холбогдогч талын аль алиных нь сэтгэлзүйг бодож үзэх хэрэгтэй.
Энэ мэт тохиолдлуудад ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө илүү хэрэгтэй байдаг. Сэтгэлзүйгээс гадна хүний эрх, ёс зүй гээд олон асуудал хөндөгддөг учир сэтгэлзүйчийн ур чадвар их нөлөөлдөг. Тиймээс Монгол Улсад боловсролын салбарын мэргэшсэн сэтгэлзүйчийн хэрэгцээ өндөр байна.
Хүүхдээ ХҮН болгох уу эсвэл хүчирхийлэгч болгох уу гэдэг зөвхөн эцэг, эхчүүдийн олгож хүмүүжлээс хамаарна.
Холбоотой мэдээ