АН-ын дарга Л.Гантөмөрийг авч хаяад оронд нь С.Баярцогт болно гэсэн явган хов олон нийтийн сүлжээнд хоёр өдөр сэвэв. Сэвэв ч гэж дээ, хэн нэгэн сэвүүлсэн хэрэг. УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш бүтэн гурван жил талцсан Ардчилсан нам арай гэж малгай тавих толгойтой болсонд С.Баярцогтын оролцоо бий, үнэн. Гэхдээ гарман дээрээ морио соливол нам юутайгаа бүгд арчигдана гэдгээ эрх биш Л.Гантөмөр нь ч, С.Баярцогт нь ч гадарлахтайгаа биз. Ямар манай сэвээчид биш улс төрд төдийгөөс өдий хүртэл чанагдсан, тугал хариулж, туг ч барьж үзсэн хүмүүс. Гэхдээ цагаан мэдээ л биш бол улс төрийн ховын чанартай, өдөөн хатгасан мэдээ, мэдээллийн ард хэн нэгний ашиг сонирхол, зорилго заавал байдаг нь гэм биш. Тиймээс С.Баярцогт руу сум нүүлгэсэн нумны эзний гол зорилго нь АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар сонгогдох Ерөнхий нарийн бичгийн суудал юм.
Учир нь, АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлын тов энэ сарын 28-наар зарлагдсан. Хурлаар ҮБХ-ны гишүүдийн тоо нэмэгдэнэ, хүмүүс нь өөрчлөгдөнө, Л.Гантөмөртэй хамт ирэх сонгуулийг “удирдах” шинэ баг тодорно. Сөрөг хүчний гал тогоог хэн барьж, ардчиллыг хэн манах нь энэхүү хурлаас шийдэгдэнэ.
-1-
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга бол намдаа хоёрдугаар хүн боловч, дотооддоо гол эрх мэдлийг атгаж байдаг. Тиймээс Д.Амарбаясгалан өнөөдрийг хүртэл генсекийн суудлаа өгөлгүй, давхар дээл нөмөрч, намын дүрмээ зөрчихөд хүрсэн шалтгаан ердөө л энэ. Энэ шалтгаанаар АН-д шинэ генсекийн төлөөх зодоон хурлын тов ойртох тусам ширүүсч байна. Тэр хэрээр АН-ын ҮБХ-ноос гарах хөдөлгөөн, мөн сөрөг хүчний хүндийн хуваарилалт аль фракцид очих нь улс төрийн хүрээний анхааралд оржээ.
Ардчиллыг автороо, хүний эрх, эрх чөлөөг тугаа болгосон тус намын гал тогоог хэн базах нь Монголын хувь заяанд нь нөлөөлж болзошгүй. Тиймээс АН-д АН-ын генсек хэрэгтэй. Тэр нь харин хэн бэ?!
Албан бус мэдээллээр АН-ын генсекийн төлөө Э.Одбаяр, Ц.Баатархүү, Х.Тэмүүжин, Ч.Өнөрбаяр, З.Нарантуяа нарын нэрс сонсогдох болсон. Х.Тэмүүжин, Ц.Баатархүү, Ч.Өнөрбаяр, З.Нарантуяа нарын хувьд АН-ын хуучин кандитатууд. Харин Э.Одбаярын хувьд С.Эрдэнийн дэмжлэгтэйгээр АН-д орж ирсэн. Гэвч улс төрийн хувьд карьер нь дуусч яваа С.Эрдэнийг орхиод илтэд Х.Баттулгад "шадарлах" болсон гэх. АН-ын генсекийн төлөө хамгийн их амбийцалж яваа түүнийг Женко араас нь түлхэж суугаа нь үнэн ч байх.
АН-ын гал тогоог одоогоор Ч.Өнөрбаяр эмхэлж яваа. Намаа даргатай, тамгатай болоход хамгийн их хичээл зүтгэл гаргасан залуусын нэг. Харин Ц.Баатархүү нь “Морьтон” фракцийнх. Тус фракцийг Женкогийнх гэж хардаг, хардацгаадаг. З.Нарантуяа бол АН-ын урдаа барьдаг эмэгтэй улстөрчдийн нэг мөн. Гэхдээ АН-ын генсекээс илүү эмэгтэйчүүдийн байгууллагыг нь толгойлвол яг тохирох дүр. Имиж, характер талаас нь харахад үнэт зүйлийн эрс тэс ялгаатай АН-ын олон фракцийн ая эвийг олоход хэцүү. Нөгөө талдаа экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр харилцаатай. Харин Х.Тэмүүжин сайн хуульч мөн боловч сайн удирдагч байж чадах эсэх нь эргэлзээтэй. Хүмүүстэй нээлттэй харилцах, бусдын үг, шүүмжлэлийг сонсох тал дээр түүнд дутагдал бий.
Тэгвэл С.Баярцогт нь намдаа одоо ч нөлөөтэй нэгэн, түүнийг олон фракци дэмждэг. Нөгөөтэйгүүр Л.Гантөмөр намын даргад хамт өрсөлдөхдөө генсекээ өгнө гэж амалсан тухай яриа ч сонсогддог. Тэр утгаараа Х.Баттулгын заналт дайсан хэвээрээ яваа нь гарцаагүй. С.Баярцогтыг онилсон ажиллагааны ард генескийн төлөөх зодоон ийнхүү эрчтэй өрнөж байна.
-2-
Монголын парламентад гурван нам суудал авсан ч, өнгөрсөн найман жилд сөрөг хүчин гэж бараг байхгүй болсон. Улс төрд үгүйлэгдсэн сөрөг хүчний дуу хоолойг сэрээж, ардчиллыг хамгаалах манаач болоосой гэж иргэд АН-ыг хүлээдэг, шүүмжилдэг. Л.Гантөмөр намын дарга болсноосоо хойш намрыг хүлээж, ҮХБ-ны хурлаа хуралдуулаагүй шалтгаан нь фракциудынхаа ая эвийг хангахад чиглэгдсэн биз. Арай гэж УДШ-д намын даргаа бүртгүүлж, энд тэнд тарсан тамга тэмдэг, гэрчилгээгээ олж явсан түүний хувьд ингэх нь ч зүйн хэрэг. АН-ыг сэргээх, ардчиллыг манах том үүрэг түүнд оногдсон. Түүхэн хүн болж үлдэх үү, түр зуурын дарга явах уу гэдэг нь түүний бодлого, үнэт зүйлийн манлайллаас шалтгаална. Үүний тулд тэр багаа зөв сонгох ёстой юм. Учир нь ялагдлыг намын дарга дангаараа үүрдэг бол ялалтыг бүгдээрээ хүртдэг нь хоржоонтой ч үнэн билээ.
Өнгөрсөн найман жилд МАН үнэмлэхүй засагласан. Үүний үр дагаварт төрийн дээрэм тонуул гаарсан. ЖДҮ, төмөр замын авлига, Хөгжлийн банкны луйвар, нүүрсний хулгай…. зэргээс болоод Монголын ардчиллын индекс зургаан байраар ухрахад хүрсэн юм. Тиймээс ардчиллыг хамгаалахад АН-ын дэмжлэг, оролцоо ихээхэн хэрэгтэй. Ахиад сануулахад АН-д АН-ын үнэт зүйлийг хамгаалж, манлайл явах генсек хэрэгтэй. Аль нэг намын БЭТ, аль нэг улсын гар хөлүүд АН-ын үнэт зүйл болох ардчилал хүний эрхийг хамгаалж чадах нь юу л бол. "Хүн алъя", "цаазын ялыг сэргээе" гэдэг хүмүүс АН-ыг авбал Монголын ардчилалд аюул нүүрлэлээ л гэсэн үг.