Хүүхдүүд маань аль эрт өрх тусдаа гарсан, бүтээсэн, байгуулсан амьдралтай, өөрсдийн бодол, зорилготой, бие даасан гэр бүл билээ. Манай хүүхдүүд багш, инженер эдийн засагч нарын гэр бүл учраас хүүхдүүдээ ч гэсэн сайн багш, инженер, сайн бүтээн байгуулагч төрнө байх гэж бодож явснаас лам хуврага, тэр тусмаа Бурхан шашны тэргүүн болгох тухай бодол хэний маань ч ухаан санаанд минь бууж байсангүй. Тийм шаардлага огтхон ч байхгүй ээ.
УИХ гишүүнээр сонгогдон ажилласан өмнөх 4 жил ажиллах хугацаандаа өөрийн үзэл баримтлалаа илэрхийлж, саналаа дэвшүүлж, нийгмийн шударга, зөв харилцааны төлөө тэмцэж ирсэн. Энэ хугацаанд бүтээсэн бүхнийг минь үгүйсгэн харлуулж, өөрсөд шигээ Төрөөс төрсөн тэрбумтан болгох гэсэн ажиллагааг зориуд өөрсдийн гар хөлөө болгосон мэдээллийн хэрэгслээрээ завсар зайгүй явуулж миний болон миний гэр бүлийн нэр хүндэд минь халдаж байгааг олон түмэн мэддэг билээ.
Бидний улс орондоо хийсэн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө эхлүүлсэн бүхэн, бусдын төлөө зориулсан чин сэтгэл, өвөг дээдсийн удам судар, үнэн түүх маань оршсоор байх болно. Цахим хөгжлийн эрин зуунд үнэн худал асар их мэдээллүүд хурдтай тархаж байгаа энэ үед аливаа хуурамч мэдээ /fake news/, зохиомол гүтгэлэгүүдийг шүүн тунгаан, шүүлтүүртэй хандаж, оюун санааны дархлаагаа алдалгүй, бусдын тархи угаах явуулгад ашиглагдахгүй байцгаая гэж та бүхэндээ уриалж байна.