Цар тахлын улмаас тэг зогсолт зарлаад байсан аялал жуулчлалын салбар эргэн сэргэж эхэллээ. Тодруулбал, 2023 оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Монгол Улсын засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон зарлаж 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд 2023 онд “Нэг сая” жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 393.461 жуулчин иржээ. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын жил бүр төлж буй татварын хэмжээг авч үзвэл нэмэгдсэн статистик харагдаж байгааг албаныхан мэдээллээ. Үүнд,
- 2019 онд 1320 байгууллага 87,1 тэрбум төгрөг,
- 2020 онд 1348 байгууллага 47,1 тэрбум төгрөг,
- 2021 онд 1401 байгууллага 65 тэрбум төгрөг,
- 2022 онд 1637 байгууллага 94,2 тэрбум төгрөг,
- 2023 оны эхний 6 сарын байдлаар 1376 байгууллага 63,6 тэрбум төгрөгийн улсын төсөвт оруулсан байна.
Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ үед аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж чадвал улсын эдийн засагт чухал ач холбогдолтой юм. Энэ оны хагас жилийг өмнөх оны мөн үеүдтэй харьцуулахад татварыг орлого нэмэгдэж, давах үзүүлэлттэй байна.
Холбоотой мэдээ