Украины арми өнгөрсөн сарын 17-ны өдөр Крымийн гүүр рүү далайн нисгэгчгүй онгоцоор халдсан. "Sea Baby" нэртэй туршилтын нисгэгчгүй онгоц хэрхэн Крымийн гүүрийг дэлбэлсэн бичлэгийг "CNN" агентлаг өчигдөр /2023.08.15/ дэлгэлээ. Энэ нь Украины Аюулгүй байдлын алба халдлагаа албан ёсоор хүлээн зөвшөөрч, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн анхны тохиолдол болж байна. Мөн цаашид ч ийм төрлийн халдлагууд гарах болно гэдгийг анхааруулжээ.
Крымийн гүүр буюу олны нэрлэж заншсанаар Керчийн гүүрийн дэлбэрэлтээр хоёр хүн нас барсан. Энэ нь амин чухал гарам руу хийсэн хоёр дахь халдлага болсон юм. Тус гүүрийг ОХУ-ын ерөнхийлөгч Путин 2018 онд сүр дуулиантайгаар нээж байв. Цаашилбал, энэ гүүр нь Украиныг өөртөө нэгтгэж, Оростой үүрд холбох гэсэн Путины хүсэл эрмэлзлийн бэлгэдэл аж. Өдгөө Крым дэх орос цэргүүд рүү хангамж хүргэдэг гол гарц нь тус гүүр болсон.
Олон сарын хөгжүүлэлтийн үр дүнд "Sea Baby" дроныг туршсан гэдгээ Украины Аюулгүй байдлын албаны дарга Васыл Мальюк хэлжээ. "Далайд ашигладаг дронууд нь Украины Аюулгүй байдлын албаны онцгой нээлтүүдийн нэг юм. Нэг ч хувийн хэвшил үүнд оролцоогүй. Уг дроныг ашиглан бид Крымийн гүүр, Оленгорский Горньяк хөлөг онгоц, газрын тос тээвэрлэгч Сиг хөлөг онгоцонд цохилт өгсөн. Одоо бид Хар тэнгисийн усанд дахин хэд хэдэн сонирхолтой ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Сэтгэл хөдөлгөм зүйл болно гэдгийг амлая, ялангуяа манай дайснуудын хувьд" гэж тэр хэлэв.
Бичлэгээс харахад "Sea Baby" дрон 850 кг жинтэй тэсрэх бөмбөгийг Крымийн гүүрийн нэг багана руу хаяснаар дэлбэрэлт болжээ. Уг ажиллагааг Украины тэнгисийн цэргийн адмирал Олексий Нейжпапа болон түүний хүчинтэй хамтарч гүйцэтгэсэн байна.
"Барууны холбоотнууд энэ ажиллагааг сонирхож, туршлага судлахыг хүссэн" гэдгийг мөн Мальюк хэлэв. Түүнчлэн барууныхан энэ ажиллагаанд оролцоогүй, ямар нэг төхөөрөмж зэргээр хангаагүй гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ