Их Британид үндэсний аюулгүй байдлын өргөн хүрээтэй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ОХУ-ын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн таван хүнийг баривчилсан тухай ВВС мэдээлжээ. Үүнээс Болгар улсын иргэн гурван хүнийг өнгөрсөн хоёрдугаар сараас хойш саатуулан өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тагнуулын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан гурван хүн нь 31-45 насны хүмүүс бөгөөд нэг нь эмэгтэй аж.
Баривчилгааны үеэр Их Британи, Болгар, Франц, Итали, Испани, Хорват, Словени, Грек, Чех зэрэг улсын паспортууд болон бусад бичиг баримтуудыг илрүүлэн хураажээ. Тэднийг иргэний үнэмлэхийг "зохисгүй санаатайгаар" эзэмшиж байсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд хуурамч гэдгийг нь мэдсээр байж эдгээр бичиг баримтыг авсан гэж буруутгаж байгаа юм.
Сэжигтнүүд Их Британид олон жилийн турш төрөл бүрийн ажил хөдөлмөр эрхлэн, голдуу хотын захын үл хөдлөхүүдэд амьдарч байжээ. Тэдний дундаас 45 настай Орлин Руссев нь ОХУ-д бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй бөгөөд 2009 онд Их Британид ирж, санхүүгийн үйлчилгээнд техникийн үүрэг гүйцэтгэн гурван жил ажиллажээ. Харин түүний "LinkedIn" хаягийн мэдээлэл нь тагнуулын үйл ажиллагаатай холбоотой бизнесийг эзэмшдэг байсныг нь илчилсэн байна. Сүүлд тэрбээр Болгарын Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Харин 41 настай Бидер Жамбазов болон 31 настай Катрин Иванова нар нь хосын харилцаатай. Жамбазов нь эмнэлгүүдэд жолоочоор ажилладаг бол Катрин нь хувийн эрүүл мэндийн байгууллагад лабораторийн туслахын албан тушаалтай гэж "LinkedIn" хаягтаа бичсэн байна. Тэд Их Британид 10 жилийн өмнө ирсэн бөгөөд болгар хүмүүст туслах нийгэмлэгийг ажиллуулдаг аж.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ