Ямартай ч тус бүтээн байгуулалтын ажлыг зогсоогоогүй үргэлжилж дуусгасан бөгөөд тохижилтыг өнөөдөр /2023.08.16/ комисст хүлээлгэж өгөх аж.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн амралтын бүс нийт 973 га газартай. Харин "Таванбогд трейд" ХХК-ийн хэрэгжүүлж буй тус ажил 1,1 га талбайд нь хийгдсэн юм.
"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул "Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх хамгийн том бөгөөд гоё ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай, гэр бүлд зориулсан талбайг комисст хүлээлгэж өгөх ажил эхэлнэ" гэв.
Тэрбээр өмнө нь мөн хэлэхдээ "Тус төслийн зураг төсөл батлагдсан бөгөөд энэхүү ажлыг эхлүүлэх санал таван жилийн өмнө гарсан. Тодруулбал, тус төслийг хэрэгжүүлэхээр тухайн компани 2018 онд анх хандсан. Шаардлагатай төсвөө бэлдээд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй зөвшилцөж зургаа эцэслээд, гэрээгээ албажуулаад эхэлсэн цаг хугацаа нь л одоо таарч байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс анх санал тавихдаа барилга барихгүй, хөшөө босгохгүй, худалдаа үйлчилгээ хийхгүй, жил бүр арчилгаагаа танай, манай хамтраад хийгээд явна, ногоон байгууламж хийнэ. Иргэдэд шаардлагатай орчин бүрдүүлнэ гэж тохирсон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа төсөл.
Цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөлтийн дагуу 973 га талбайн 15 хувьд тохижилт хийгдэх ёстой. Одоогийн байдлаар 15 хувийн тохижилтын даалгавартай газрын таван хувьд улс, нийслэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар тохижилт хийгдсэн 10 хувь нь хийгдээгүй.
KFC-ийн тохижилт хийж байгаа талбай бол таван хувьд багтсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн жилд дунджаар давхардсан тоогоор дулааны улиралд өдөр 15 мянга орчим хүн, хүйтний улиралд таван мянга гаруй хүн хүлээж авдаг. Ногоон орчноос гадна, тохижилт, тоглоомын талбай зайлшгүй хэрэгтэй. Тиймээс төрөөс дэмжлэг хүлээх биш хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах нь зөв гэж шийдсэн" гэх тайлбарыг өгч байв.