"Үндэсний баялгийн санг халаасны төсөв болгож болохгүй"

Хуучирсан мэдээ: 2023.08.16-нд нийтлэгдсэн

"Үндэсний баялгийн санг халаасны төсөв болгож болохгүй"

-Эдийн засагч, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн А.Батпүрэвтэй ярилцлаа.


-Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, намын дэргэдэх Стратеги бодлогын судалгааны хүрээлэн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд хамтраад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Та тус ажлын хэсэгт орж ажиллаж байгаа эдийн засагч хүний хувьд хуулийн төсөлд тусгагдаж байгаа чухал өөрчлөлтүүдийг юу гэж харж байна вэ?

-Үндэсний баялгийн сан гэх нэр томьёо ойлголт 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд бий болсон. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.

Гэтэл Үндэсний баялгийн сан гэж чухам яг юуг хэлэх талаар тодорхойлолтоо өнөөдрийг хүртэл бий болгоогүй. Нэгдсэн бодлого ч цаасан дээр алга.

Олон улсын жишгийг харахаар Үндэсний баялгийн санг нэлээд өргөн ойлголтоор авч үзэж байна. Тус сангийн зорилго чиглэлийг нь аваад үзвэл уул уурхай, эрдэс баялгаас хамааралтай баялгууд дээр үнийн савлагаанаас сэргийлэх тогтворжуулалтын сан байгуулах стратегийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ч ажиллаж байна. Мөн байгалийн баялгийн эзэд болсон газар нутгийн эздэд тодорхой хэмжээний ашиг хүртээдэг сангууд ч байна. Ингээд харахаар Үндэсний баялгийн сан гэдэг нь олон төрөл, өвөрмөц хэлбэрүүдтэй байж болох боловч манайд энэ талын зохицуулалт бодлогын түвшинд байхгүй байна.

-Таны хэлж байгаачилэн Монгол Улсад олон төрлийн хувиарладаг, хуримтлуулдаг сан үйл ажиллагаа явуулж байсан. Зарим нь одоо ч  үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр сангуудаас юугаараа ялгарах юм бэ?

-Төсөв тогтворжуулах, нийгмийн халамж хүртээх, ирээдүйд зориулж хуримтлуулах гэх мэт олон сан байгуулсан туршлага Монгол Улсад бий. Монгол Улсыг хөгжүүлэх сан, Хүний хөгжлийн сан, татан буугдсан. Төсвийн тогтвортой байдлын сан, Ирээдүйн өв сан одоо байгаа боловч Үндсэн хуульд заасан Үндэсний баялгийн сангийн үүргийг гүйцэтгэж чадаж байна уу гэвэл хангалтгүй. Тогтворжуулалтын зорилгоор нь ашиглавал Тогтворжуулалтын сан маш хэрэгтэй бүтэц.

Гэтэл энэ хууль батлагдаад 10 гаруй жил болоход тус хуульд жил бүр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үйлчлэх хугацааг нь хойшлуулж, тавигдах шалгуур шаардлагуудыг нь өөрчилдөг болсон. Эцэст нь төсвийн тогтвортой байдал алдагдсан нь төсвийн тэлэлтээс тодорхой харагдаж байна.

Түүнчлэн 2030 он хүртэл гар хүрэхгүй хэмээн Ирээдүйн өв сангийн тухай хууль баталсан. Гэтэл тус сангаас хүүхдийн мөнгө олгосон, Хүний хөгжил сангийн өрийг төлсөн. Ингэж явсаар тус хоёр сангийн үлдэгдлийг аваад үзвэл гурван их наяд орчим төгрөг байгаа эсэх нь эргэлзээтэй.

-Ямар ч сайхан сан байгаад засаглалын хувьд эрүүл биш байгаа учраас оршин тогтнож чадахгүй уу?

-Засаглалын хувьд улс төрийн шийдвэр гаргаж Засгийн газар захиран зарцуулах шийдвэр гаргаж байна. Гэтэл Баялагийн санг зорилгоор нь ашиглахын тулд төсвөөс тусдаа байлгах ёстой. Тухайлбал, Дэлхийн банкнаас хийсэн судалгааг аваад үзвэл сүүлийн 15-16 жил төсөвт шууд орж байгаа ашигт малтмалын салбарын орлого болоод түүнийг барьцаалж Засгийн газраас босгосон бондыг оролцуулан тооцвол 20 гаруй тэрбум долларын орлого орсон байна.

Гэтэл олсон орлогынхоо 100 төгрөг тутмын 99 төгрөгийг нь зарцуулчихсан байна. Тогтворжуулалтын сан болоод Ирээдүйн өв санд нийт орлогын нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгө үлдсэн байна.

Ингээд юунд 99 төгрөгөө зарцуулав гээд харахаар хөрөнгө оруулалт нэрийн дор сургууль, цэцэрлэг, соёлын төв барьсан байна. Нийгмийн халамжид 1/3 нь зарцуулагдсан байна. Энэ бүтцийг л өөрчлөх ёстой. Үндэсний баялгийн сан гэдэг нь ганцхан сан биш хэд хэдэн сангийн нэгдмэл тогтолцоо байх ёстой юм гэдэг агуулгаар нь судалгаагаа хийгээд явж байна.

-Уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, эдийн засагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Санал нэгдэж байгаа болоод зөрж байгаа асуудлууд юу байна?

-Хэлэлцүүлгийн үеэр олон чухал саналууд яригдсан. Бидний томъёолчихсон байгаа чухал зарчмуудыг ихэнх талыг дэмжсэн. Санал нэгдэж байгаа хэд хэдэн зүйлийг хэлье. Нэг юм уу нэлээд хэдэн сангаас бүрдэж болох Үндэсний баялгийн сан дараагийн төсөв номер 2 байж болохгүй гэдгийг хэлж байна. Өнөөдрийг хүртэл бидний гаргасан гол алдаа бол "төсөв номер 2" байлгаж ирсэн. Засгийн газар болоод улс төрийн нөлөөлөл их байсан. Тийм учраас тус сан төсвийн далд халаас болж хувирсан.

Энэ алдааг давтахгүйн тулд удирдлага зохион байгуулалт, хяналтыг нь Засгийн газраас  тусад нь салгах ёстой. Менежментэд нь гадаад бодон дотоодын хувийн хэвшлийнхэн оролцдог хуулийн хамгаалалтыг нь сайтар хийх ёстой.

Хоёрдугаарт, ямар нэгэн халамжийн сан болгож болохгүй. Үндэсний баялгийн сан үүрэг зорилгын хувьд уул уурхайн компаниудаас цуглуулсан мөнгөө иргэдэд тараагаад өгчихдөг байвал сан байх хэрэг байхгүй. Гуравдугаарт, Үндэсний баялгийн сангийн орлогыг төрийн өмчит компаниас бүрдүүлэхгүй. Харин уул уурхайн салбараас бүрдүүлэх ёстой. Харин уул уурхайн салбарт төрийн өмчит салбарын оролцоог аль болох хязгаарлаж өгөх хэрэгтэй. Уул уурхайн салбарын хамгийн том тоглогч нь төр байх тусмаа түүний ард хулгай, луйвар бий болж байна. Тиймээс төрийн өмчит уул уурхайн компаниудыг нээлттэй хувьцаат компани болгож задлах хэрэгтэй. Үүний үр дүнд иргэд тухайн компаниудаас хувь эзэмшиж, үр ашгаас нь ногдол ашиг хүртэх боломжтой гэсэн зарчим дээр санал нэгдэж байгаа.

-Үндэсний баялгийн сантай холбоотой асуудал иргэн бүрт хамаатай. Гэтэл аль нэг намын өргөн барьсан хууль хэмээн явцуу эрх ашгаар хандах тохиолдол гардаг. Энэ асуудлыг зохицуулсан сайн туршлага бий юү?

-Сайн туршлагууд олон бий. Тухайлбал, Норвеги улсын хувьд эрх баригч болоод сөрөг хүчний хоёр том улс төрийн хүчний төлөөлөл Норвегийн санг бий болгохын тулд хэлэлцээр байгуулсан байдаг. Манайх газрын тосноос ихээхэн хэмжээний орлого олох юм байна. Тиймээс баялгийн сан байгуулъя. Тус сангаа аль болох улс төрөөс хараат бус байлгаж, сонгуулийн амлалтдаа чирдэггүй байхын тулд суурь зарчмаа ойлголцохоор гар барилцсан байдаг. Ийм улс төрийн зөвшилцөл байхгүй бол хэн нэгний, аль нэг улс төрийн хүчний баталсан хууль гэж харах юм бол дараагийн нам нь олонх болохдоо өөрчилдөг зарчим үйлчлэх магадлалтай.

-Сангийн зорилгыг тодорхой болгож өгөхгүй бол олон сангуудтайгаа хутгагдаж ойлгогдох магадлал өндөр байна даа?

-Ер нь бол тийм. Зорилгоо маш тодорхой  хуульчлах хэрэгтэй.  Иргэд олон нийтэд өгөөж тараадаг, байр авахад нь тусална, боловсрол эзэмшихэд нь тусална гэх юм бол барилгын сайд нь ч, боловсролын сайд нь ч орж ирэхийг хүснэ. Гагцхүү тус сангийн хөрөнгө оруулалтын үр өгөөжөөс хувьцаа эзэмшигчийн хувиар иргэдэд ногдол ашиг тарааж болно. Олон улсын туршлагыг харахад нэгэнт урт хугацаандаа ирээдүйд зориулахаар хадгалж байгаа мөнгийг гадаад зах зээлд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үздэг. Хамгийн шилдэг хувьцаа бонд руу оруулдаг. Харин дотооддоо оруулахгүй байхыг зөвлөдөг. Энэ нь дотоодын улс төрч, эрх мэдэлтнүүд, засаглалын нөлөөллөөс ангид байлгахыг зорьж байгаа юм.

Түүнчлэн орж ирсэн орлогоо 100 хувь гадаадад байршуулах биш 60 хувийг нь байршуулж, үлдсэн 40 хувиар нь дотоодын эдийн засгаа дэмжих, солонгоруулах боломжийн талаар ч яригдаж байна.

Гэхдээ дотооддоо хөрөнгө оруулах 40 хувь дээр яг ямар салбарт байх талаар хуульдаа нарийн зааж өгөхгүй бол Хөгжлийн банкны муу түүхийг давтах эрсдэлтэй.

-Ирээдүйн өв сан болоод тогтворжуулалтын санд нийтдээ гурван их наяд гаруй орчим төгрөг байгаа юм байна. Үндэсний баялгийн сантай болсноор энэ дүн хэрхэн өсөх вэ?

-Энэ талаарх судалгааг хийж байна. Энэ судалгаа юунаас хамаарах вэ гэхээр ямар ямар орлогыг энэ санд төвлөрүүлээд аль нь төсөвтөө байх харьцаанаас ихээхэн шалтгаална. Төсвөөс уул уурхайтай холбоотой бүх орлогыг татан төвлөрүүлж болохгүй. Тийм учраас нарийн судалгаа гаргаж, хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох юм. Өнгөрсөн хугацаанд одоо байгаа гурван их наядын орлогыг 4-5 дахин орлогыг дээрх хоёр санд төвлөрүүлсэн байх бүрэн боломж байсан.

Эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс гаргасан судалгаанаас үзэхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсвийн хэт тэлсэн бодлого явуулж, зарлагыг өсгөх биш инфляцтайгаа уялдуулж бага хэмжээгээр төсвөө өсгөөд, зөрүүг хуримтлуулсан бол хамгийн багадаа есөн их наяд төгрөг байх талаар дурдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж