Энэ долоо хоногийн VS буландаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал нарын эсрэг тэсрэг байр суурийг онцоллоо. Өнгөрөгч долоо хоногийн НИТХ-ын хурлаар Хятадаас 177.5 тэрбум төгрөгөөр коксжон нүүрс экспортоор авч нийслэлийн иргэдэд туршина хэмээн Б.Чойжилсүрэн мэдэгдсэн. Ингэснээр агаарын бохирдол хоёр дахин буурах тооцоо байгааг ч дуулгасан. Дээрх асуудлаар Ж.Золжаргал хатуухан шүүмж хэлсэн бөгөөд улс төрийн шийдвэр гэдгийг онцолсон юм. Тэдний эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна.
Б.Чойжилсүрэн
Эрчим хүчний сайд
Өнгөрсөн галлагааны жилүүдэд иргэдээс утаа их байгаа талаар шүүмжлэл гарсан. Тиймээс туршилт хийж үзлээ. Эхний ээлжид түүхий эдийг солих буюу одоо байгаа мидлинг хагас коксжих нүүрсээр солих туршилт хийсэн. Үүнд Орчны бохирдлыг бууруулах газраас 242 сая төгрөг гаргаж БНХАУ-ын үйлдвэрүүдэд очиж судалсан. Цаашилбал, Солонгос, Японы туршлагыг судалж үзэж байна. Бусад орнуудын туршлагаас судлахдаа Хятадад байгаа технологийг хэрэглэх шийдвэр гаргасан. Ингэхдээ, 80 тн хагас коксжих түлшийг импортоор оруулж зүүн, баруун хоёр үйлдвэрт шахмал түлшийг үйлдвэрлэсэн. Нийт 97 удаагийн галлагаа хийж, үр дүнг нь лабораторит шинжлүүлж үзлээ.
Тэгтэл мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3 болсон. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан.
Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна.
Хэрэв, Нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна. Энэ саналыг та бүхэн дэмжич өгөөч. Мөн НИТХ-ын МАН-ын бүлэгтэй уулзаж, мэдээлэл өглөө.
Туршилтаас айхгүй байгаа. Хоёрдугаарт, 2023 ондоо багтаагаад 600 мянган тн хагас коксжих нүүрсний үйлдвэр баръя гэж байгаа. Одоо байгаа медленгээ үйлдвэрлээд дорвитой үр дүн гарахгүй нь. Эс бөгөөс утаан дээрээ дорвитой өөрчлөлт гаргаж чадахгүй. 177 тэрбум харамсаар мөнгө мөн үү гэвэл мөн. Улаанбаатарчууд хүсвэл галлагааг туршиж үзүүлнэ. Айлуудад туршиж үзсэн. Нүүрсийг боловсруулж байгаа болохоос биш бүрэн утаагүй болно гэж ойлгож болохгүй. Одоо байгаа утааны бохирдлыг хоёр дахин бууруулах юм
Ж.Золжаргал
“Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал
Хятадаас 177 тэрбум төгрөгөөр 115 мян.т хагас кокс өр тавьж худалдан авах Засгийн газрын шийдвэр 2023.08.09-ний өдрийн НИТХ-ийн хурлаар дэмжигдэв.
Миний бие түлшний мэргэжилтний хувьд үр ашиг муутай бөгөөд эрсдэлтэй уг шийдвэрийг эсэргүүцэж байна. Мөн миний журмын нөхөд ХҮН намын НИТХ дахь бүлэг олон мянган өрхийн дулаан сууцыг санхүүжүүлэх мөнгийг "шатаах" гэж байгааг эсэргүүцэж мэдэгдэл хийсэн.
Гэвч НИТХ дахь МАН олонхоороо хүч түрэн шийдвэрлэв. Үүнийг тэмдэглэн үлдээх хэрэгтэй.
Яагаад буруу вэ гэхээр:
1. Онолын хувьд утаа бага ялгаруулах ч масс хэрэглээнд үр дүн багатай. Багахан өөрчлөлтийг хэт өндөр үнээр хийхийн оронд мянга мянган байшинг дулаан болгоход зарцуулах нь дээр.
2. Утаа "багатай" нүүрсэн түлш нь утаагүй хийн түлшээс хамаагүй өндөр үнэтэй болов. Хямд учраас л нүүрс түлдэг, мөнгөтэй бол цэвэр хий шатаана. Гэтэл үнэ нь эсрэгээрээ болох нь.
3. Хагас кокс дэгдэмхий бага, хатуу нүүрстөрөгч их тул ноцоохын тулд их мод, газ шаардана. Жаахан ойн нөөцөө улам ихээр шатаана.
4. Хагас коксыг шатаахад агаар их хэрэгтэй ба зуух яндан тааруу үед угаарын хий ихээр ялгарна. Угаартах эрсдэл нэмэгдэнэ.
5. Утаа багатай нүүрс шатаавч хөрс хөлдсөн үед хөлдүү агаар тогтож утаа багширсан хэвээрээ байна. Тэр үед нийтээрээ хямарч 177 тэрбум төгрөг хаачив хэмээн шуугина.
Ингээд сонгуулийн өмнө улстөрийн оноо ч авсан юм байхгүй, мөнгө ч байхгүй, утаатай хэвээр эмгэнэлт байдалд орно. Хамгийн харамсалтай нь энэ бол мэргэжилтнүүдийн биш намын шийдвэр! Намын дарга нар шийдвэр гаргаад, мэргэжилтнүүд тааруулсан дүгнэлт, зөвлөмж гаргах гэж будилж байх нь жинхэнэ эмгэнэл.
Холбоотой мэдээ